Монгол Улсын анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх \"Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн сургалтанд хамрагдаж байна.

 

        Бээжин хотноо 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн тус сургалт Монгол Улсын Дээд шүүхээс 2007 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Нийт 6 удаагийн сургалтаар Монголын 150 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулаад байгаа БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх \"Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн энэ удаагийн хөтөлбөр тус улсын эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоо болон шүүгчийн эрх зүйн байдал, шүүхүүдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой.

 

\"\"

 

        \"Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн захирал Хуан Ёнг Вэй, БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дээд шүүгч Ду Ван Хуа, Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Ван Юнь нар Монголын шүүгчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, сургалтын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хоёр оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтран ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойгонцлон тэмдэглэв.

 

\"\"

 

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг Монголын шүүгчдийг төлөөлж \"Энэ удаагийн сургалт Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж байгаагаараа онцлог болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан, өргөн барьсан Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар шүүхүүд бүтэц, зохион байгуулалтын хувьд эрүү, иргэн,захиргааны чиглэлээр дагнан байгуулагдсан. Энэ дагуу шүүгчдийн орон тоо нэмэгдэж, хуульчдаас шүүгчдийг сонгон шалгаруулах ажил одоо ид явагдаж байна. Төрийн онцгой чиг үүрэг болох шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал асуудал юм. Энэ удаагийн сургалтанд шинээр батлагдсан хуулийн дагуу томилогдсон анхан шатны шүүгчид хамрагдаж байна. Цаашдаа тус коллежтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь харилцан туршлага солилцох ач холбогдолтой” хэмээн хэллээ.

 

\"\"

 

       БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дээд шүүгч Ду Ван Хуа \"БНХАУ-ын Ардын Дээд шүүх Монгол улсын Дээд шүүхтэй хамтран ажиллахыг онцгойлон авч үздэг бөгөөд энэ ажиллагаанд ерөнхий шүүгч Жоу Чианы дэмжлэг их бий. Миний бие хоёр улсын шүүхийн хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсний хувьд өнгөрсөн жил Жоу Чиан Ерөнхий шүүгчийн хамт танай улсад айлчлахад Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг цаашид сургалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж онцолсныг дурьдахад таатай байна. Энэ удаагийн сургалтанд манай улсын эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоог танилцуулж, БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн шүүгч, профессорууд хичээл заана. Монгол улсад өрнөж буй шүүхийн шинэтгэл маш хурдтай, үр дүнтэйбайгаагаас бидэнд суралцах зүйл их бий” гэдгийг онцолсон юм.

 

\"\"

 

       Эхний өдрийн хичээл тус улсын шүүхийн тогтолцоо, түүний түүхэн хөгжил, шүүгчийн эрх зүйн байдал, ёс зүйн сэдвээр өрнөж, харилцан ярилцлагаар өндөрлөв. Сургалт дээрх сэдвээс гадна БНХАУ-ын эрүү, иргэн, захиргааны болон оюуны өмчийн эрх зүйн тогтолцооны онцлогийг судалж, БНХАУ-ын Ардын Дээд шүүх, дунд болон анхан шатны шүүх, хууль зүйн өмгөөллийн товчоо, хорих ангийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд 14 хоног үргэлжилнэ. Тус улсад улс төр, эдийн засгийн тогтолцооноос хамаарсан эрх зүйт ёсыг төлөвшүүлэх зорилго бүхий, үндсэн дөрвөн зорилтыг дэвшүүлсэн шүүхийн шинэтгэл төр засгийнх нь түвшинд өдгөө идэвхтэй яригдаж байгаа ажээ. Сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид та бүхэнд хүргэх болно.

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС