Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хамтран зохион байгуулж байгаа "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт" өнөөдөр /2024.05.30/ эхэллээ.
Шүүх хуралдааны дэг сахиулах болон шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг ханган ажилладаг цагдаагийн албан хаагчид хамрагдаж байна. Шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг эдгээр цагдаагийн алба хаагчдад эрх зүйн болон практик мэдлэг олгох нь тус сургалтын зорилго бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.
Сургалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар үг хэлж цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчид, мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ болон бусад албан хаагчид оролцлоо.
Сургалтын нээлтийн үеэр цагдаагийн алба хаагчид шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах дүрчилсэн тоглолт үзүүлэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс