Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжил сонголтод нь туслах зорилгоор Монголын Шүүгчдийн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар хорооноос Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа нар шүүгчээр ажиллах шалгуур, ажлын онцлог болон эрүү, иргэн, захиргааны шүүхийн чиг үүрэг сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгч харилцан яриа өрнүүлсэн юм.

 

 

          Сурагчдын төлөөлөл шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажлын талаар мэдээлэлтэй болсноо онцолж, мэргэжлээ сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа илэрхийлж байв.

Уулзалтын төгсгөлд сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, тэмцээний тэргүүн байранд тус сургуулийн 10Д ангийн сурагч Б.Ангармаа, удаах байранд 11В ангийн сурагч Б.Индра орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мэдээлэл сонсож, тэмцээнд амжилттай оролцсон сурагч дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.

 

                                             ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,                                       ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР