Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга Р.Онончимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулаад байна. ШЕЗ энэ хуулийн төслийг боловсруулсан байх аа? 

 

-Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг бид судалгааны үндсэн дээр боловсруулаад Улсын дээд шүүхтэй зөвшилцөж, Засгийн газарт өргөн барилаа. Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, одоо УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн төслийн саналыг хөндлөнгийн болон өөрсдийн хийсэн судалгааны үндсэн дээр боловсруулсан. Шүүх бол үйлчилгээний байгууллага. Тиймээс шүүхээс үйлчилгээ авч буй иргэнд ойр, зардал чирэгдэл багатай, хурдан шуурхай байлгах талаас нэлээд зүйлийг шинэчлэх шаардлагатай. Шүүх өнөөдөр ямар нөхцөл, орчинд иргэдэд үйлчилж байгаа билээ дээ. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн 30 жилд шүүхэд дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй, яг үнэндээ энэ салбарыг хаясан.

 

Гучин жил хуримтлагдсан асуудлыг ганц далайлтаар шийдчих боломжгүй байх. Гэхдээ дээр хэлсэнчлэн шүүхээс үйлчилгээ авч буй иргэнд ойр, зардал чирэгдэл багатай, түргэн шуурхай байлгах талаас төдийгүй шүүхийн хүний нөөц, цалин, ачаалал зэрэг олон асуудлыг Шүүх байгуулах тухай хуулиар цогцоор нь шийдвэрлэх талаас бид тооцоолж, хуулийн төслөө боловсрууллаа. Ингэхдээ тооноос чанарт шилжихийг зорьсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны 90 шүүх байгааг 61, давж заалдах шатны 26 шүүхийг бүсчлэн 11 болгож, ачааллыг нь тэнцвэржүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилахыг тооцоолсон. Анхан шатны шүүхийг 61 болгох саналыг хууль санаачлагч буюу Засгийн газар дэмжсэн бол давж заалдах шатны шүүхийг цөөрүүлэх саналыг дэмжээгүй. Мөн гэр бүл, хүүхдийн хэргийн болон хялбар ажиллагааны дагнасан шүүх байгуулах, хэрэгцээ шаардлага, үр өгөөж зэргийг судалж, тооцоолоод Засгийн газарт өргөн мэдүүлсэн.

 

 

Засгийн газрын зүгээс “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт заасан “иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн баталгааг хангах талаас тодорхой алхмууд хийлээ. Тухайлбал, шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, шүүхийн захиргааны дээд байгууллага нь өөрсдөө тодорхой итгэлцүүрийн дагуу тогтоодог байх өөрчлөлтийг Шүүхийн тухай хуульд оруулах санал гарган, дэмжиж төсөлд тусгалаа. Мөн Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тооцооллыг Засгийн газраас санхүүжүүлэх эрх олгох тогтоолын төслийг хуулийн төслийг дагалдуулан оруулсан байгаа. Иймээс Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүжилтийг бодитойгоор шийдвэрлэх тооцооллыг УИХ тогтоолдоо тусган батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. 

 

-Засгийн газраас авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах саналтай байна. Энэ талаар ШЕЗ ямар байр суурьтай байгаа бол? 

 

-Засгийн газарт бидний өргөн барьсан хуулийн төслийн саналд авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах асуудал огт тусгагдаагүйг хэлэх нь зүйтэй. Энэ бол Засгийн газрын санал. Засгийн газраас УИХ-д авлигын шүүх байгуулах асуудлыг судлаач гэсэн тогтоолын төслийг Шүүх байгуулах тухай хуулийн төслийн хамт оруулж ирснийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжлээ. Хэрэв УИХ авлига, албан тушаалын дагнасан шүүх байгуулах саналыг судлах тогтоол баталбал ШЕЗ хуульд заасан чиг үүргийн хүрээнд судалж танилцуулах болно. 

 

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж байхад шүүгч болох сонирхолтой хуульчид цөөрсөн тухай ярьж байсан. Энэ юутай холбоотой вэ?

 

-ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг бол шилдэг хуульчдаас шүүгчийг шилж олох. Бид 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болж ажилласнаас хойш тав дахь удаагаа сонгон шалгаруулалт явуулж, хараахан дуусаагүй үргэлжилж байна. Өмнөх дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтад тэнцэж, эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг хуульд заасан хугацааны дотор шүүгчээр өргөн мэдүүлэх процесс хийгдсэн. Гэвч бид өмнө нь цалингийн сангүй гээд зарлаж чадахгүй байсан сул орон тоогоо нөхөх битгий хэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа шүүгчийнхээ орон тоог чүү ай нөхөх болсон. Тиймээс шилдэг хуульчид шүүгч болох гэж өрсөлдөж байна уу гэж өөрсдөөсөө асуухад хүрлээ. Харин яагаад шилдэг хуульчид нэрээ дэвшүүлж, орж ирэхгүй байна вэ гэхээр одоогийн нөхцөл байдалтай шууд холбоотой.

 

Үндсэн гурван шалтгаан нь шүүгчийн цалин, шүүхийн орчин нөхцөл, ачаалал. Шүүгчдийн цалинг хамгийн сүүлд 2014 онд үндсэн цалин нь2.7-3.3 сая байхаар УИХ-аас тогтоосон. Тухайн үедээ бол шүүгчийн цалин өндөртөө тооцогддог байсан. Түүнээс хойш инфляц яаж нэмэгдэв. Валютын ханш хэрхэн өсөв. Худалдан авах чадвар макро эдийн засгийн түвшинд хүнд байна. Мөн иргэд шүүгчийг “гоё байранд сууж яах гээд байгаа юм” гэж зэмлэдэг. Яг үнэндээ шүүгч гэхээсээ илүүтэй хэргийн оролцогчид, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг тав тухтай орчинд, аливаа саад бэрхшээлгүйгээр хэрэг маргаанаа зүй зохистой шийдүүлэх боломжийг хангах асуудал чухал. Тодруулбал, манай улс урт хугацааны бодлогын баримт бичигтээ иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхээр зорилт тодорхойлсон. Тэгэхээр шүүхийн орчин нөхцөл, шүүгчийн ачааллыг тэнцвэртэй байлгах талаар ярихаас аргагүй. Бид тал талаас нь баланстай харж ярих ёстой юм. 

 

 

Өмнөх сонгон шалгаруулалтуудаар хэчнээн шүүгч нэмэгдэв?

 

-УИХ-ын тогтоолоор шүүх 699 шүүгчтэй байна гэдэг шийдвэр 2016 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч хэзээ ч энэ тоондоо хүрч байгаагүй. Дор хаяж 150 шүүгчийн орон тоо дутуу явж ирсэн. 2022 он хүртэл цалингийн сангүй гээд орон тоог нь хангалттай зарлаж байгаагүй юм билээ. Харин одоо цалингийн санг нь нээлттэй зарлаад ч зорьсон хэмжээнд нөхөж чадахгүй байна. Өмнө хэлсэнчлэн хэдийгээр сонгон шалгаруулалтууд тасралтгүй үргэлжилж буй ч тэтгэвэрт гарч байгаа болон шинээр орж ирэх хүний тоо яг л балансалж таараад байгаа юм. Өнөөдөр шүүхэд нийт 518 шүүгч ажилладаг. Одоо шүүгчийн 66 сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулаад үндсэндээ дуусаж байна. Бичгийн шалгалтдаа 20 гаруй нэр дэвшигч тэнцлээ. Тиймээс шүүгчийн 50 гаруй сул орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлаад бүртгэлийг нь эхлүүлж байна. 

 

-ШЕЗ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт гомдсон асуудал олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа энэ цаг үед тантай ярилцсаных асуухгүй өнгөрч болохгүй л дээ. Шүүгчид нөлөөлсөн сэтгүүлчид хэрэг үүсгэж байгаа юм бол нөлөөнд автсан шүүгчид ямар хариуцлага тооцох вэ? 

 

-Юуны өмнө энэ ташаа ойлголтыг залруулах нь зөв байх. Энэ бол шүүгчид нөлөөлсөн, шүүх нөлөөнд автсан тухай асуудал биш юм. Шүүх, шүүгчээс ямар нэгэн гомдол, нөлөөллийн мэдүүлэг ШЕЗ-д ирээгүй. 

 

ШЕЗ бол шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой Үндсэн хуулийн байгууллага. Зөвлөлийн үйл ажиллагааны гол хэлбэр нь хуралдаан байдаг. Хуралдаанаар хэлэлцдэг асуудлын нэлээд хэсгийг шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой асуудал эзэлдэг. Та бүхэн манай цахим хуудас, мэдээллийн сувгуудаас энэ талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан асуудлаар ШЕЗ 2023 оны аравдугаар сарын 12-нд хуралдаад, холбогдох хууль тогтоомж зөрчсөн, эсэх асуудлыг шалгаж өгөхийг хүссэн гомдлыг цагдаагийн байгууллага болон Хэвлэл мэдээллийн зөвлөлд гаргахаар шийдвэрлэсэн юм. Маргааш нь буюу аравдугаар сарын 13-нд гомдлыг дээрх газруудад гаргасан. 

 

Шүүхийн тухай хуулийн 73.3 дахь хэсэгт “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд ШЕЗ даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ чиг үүргийнхээ дагуу бид хуралдаад дээрх гомдлыг гаргасан. Зөрчсөн, эсэхийг шийддэг газар нь тусдаа. Ер нь шүүгчид нөлөөлөх, шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан асуудлыг 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулиар нарийн зохицуулж өгсөн. Тодруулбал, шүүгч надад нөлөөлөх оролдлого хийлээ гэж үзэн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн тохиолдолд ШЕЗ ямар нэгэн шалгуургүйгээр эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх үүрэгтэй. Мөн нөлөөллийн мэдүүлэг шүүгч хөтөлж ирүүлээгүй ч гэсэн Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн, эсэх талаар ШЕЗ хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргаж, арга хэмжээ авч байх үүрэгтэй байдаг.

 

-Хууль зүйн сайд С.Энхбаярын даалгавраар сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хэрэг үүсгэлээ гэх хардлагыг сэтгүүлч өөрөө олон нийтэд хэлсэн байдаг. Үнэхээр ямар нэгэн улс төрийн захиалга байна уу. Энэ хэрэг яагаад ийм хурдан хугацаанд өрнөөд байгаа юм бэ?

 

-Хурдан, удаан шийдэгдэж байгаа асуудлыг бид хэлж мэдэхгүй. ШЕЗ аравдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 

 

Хуулиар тогтоосон тодорхой хугацаатай байдаг. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудаас тодруулах нь зүйтэй. Шүүх бол бие даасан засаглал. Тэр дундаа ШЕЗ-ийн чиг үүргийн талаар иргэд тодорхой ойлголтгүй байдаг шиг санагдсан. Учир нь ШЕЗ тэгж шийдэж байна, ингэж шийдлээ гэх хандлага их ажиглагдсан. Тийм учраас ам нээвэл уушги нээ гэж нэг жижигхэн ойлголтыг тодруулъя.

 

ШЕЗ шүүн таслах үйл ажиллагаа ерөөсөө явуулдаггүй. Ялангуяа шүүн таслах үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Хэрэг, маргааныг зөвхөн бие даасан, хараат бус шүүгчид хянан шийдвэрлэдэг. ШЕЗ нь зөвхөн шүүгч хараат бус, бие даасан байдлаар шийдвэр гаргахад нь хөндлөнгийн нөлөөлөлгүй, бие даасан байдлыг хангах Үндсэн хуулийн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд ШЕЗ хуралдаж асуудлыг олонхоороо шийдвэрлэнэ. Харин хэн нэгэн улс төрч юм уу, сайдаас ШЕЗ-д үүрэг чиглэл өгөх боломжгүй. 

 

-ШЕЗ хуралдаад Ерөнхий сайдыг шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэсэн утгатай шийдвэр гаргаж, Цэцэд хандах болсон гэх мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Ийм асуудал яригдаж, хандсан нь үнэн юм уу. Ер нь Ерөнхий сайд чуулганы танхим, иргэдтэй хийх уулзалтын үеэр хэлж буй үгэнд шүүх рүү нэлээд хатуу үг “чулуудаж” байгаа харагддаг. Энэ бас шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа хэлбэр биш гэж үү?

 

-Шүүхийн тухай хуулийн 73.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. ШЕЗ хуралдсан. Хуралдаад шүүгч, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шижтэй үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн. Ерөнхий сайдтай холбоотой асуудал л олны анхааралд өртөж шуугиан дэгдээснээс биш, ээлжит хуралдаан бүр дээр шүүх, шүүгчийн бие даасан хараат бус байдалд халдсан, эсэх асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагад ханддаг. Шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах нь Үндсэн хуулиар олгогдсон манай чиг үүрэг учраас бид хэрэгжүүлж ажиллана шүү дээ. 

 

-НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт “Өндөр албан тушаалтнууд шүүх рүү дайрч байгаад эмзэглэлээ. Шүүхийн төсөв хангалтгүй, Ерөнхийлөгч ШЕЗ-ийн сонгож, томилуулахаар нэр дэвшүүлсэн хүнийг буцааж болохоор байгаа нь буруу” гэх зэргээр манай тогтолцоог шүүмжилж буй. Үүнд та юу хэлэх вэ?

 

-НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйтийн айлчлал маш чухал цаг үед болсон. Учир нь “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг УИХ-аар хэлэлцэхийн өмнөхөн Монголд ажилласан. Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт айлчлалынхаа эцсийн тайланг ирэх оны зургаадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулах юм. НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмжийг холбогдох хууль тогтоомжид тусгах, цааш цаашдаа шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах ажлыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, илүү ахицтай болгоход энэхүү зөвлөмж чухал ач холбогдолтой гэж харж байна.

 

 

Эх сурвалж: unuudur.mn