Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг энэ сарын 13-аас эхлэн ажлын найман өдөр зохион байгууллаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 44 сул орон тоонд бүртгүүлсэн 55 нэр дэвшигч өнөөдөр (2023.11.23) "эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар"-ын шалгалт өгөв.

 

      Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний 261, 262 дугаар тогтоолоор баталсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.

 

 

   Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцох юм.

 

       Нийт нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарь батлагдсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сувгаар мэдээлнэ.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс