Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.10.26) болж, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс ирүүлсэн саналыг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

       Дараа нь нэр бүхий шүүгчдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн юм. Шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн асуудлаар нэр бүхий хоёр шүүгчээс ирүүлсэн гомдлыг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийг төлөөлөн цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргахаар шийдвэрлэж, шүүгчдийг төлөөлөх ажилтныг тус тус томиллоо.

       Мөн  шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянах явцад нэр бүхий этгээдийн зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар болов.

       Шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчдийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд халдсан шинжтэй цуврал мэдээлэл гаргасан асуудлаар тухайн НҮТББ-д хандан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл хүргүүллээ.

    Түүнчлэн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан нэг шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс