Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого зэрэг шүүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар ШЕЗ-ийн дарга Р.Онончимэгтэй ярилцлаа.
-“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслөөр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Монголын шүүхийн хэтийн төлөв, 10 жилийн дараах дүр зураг энэхүү бодлогоос шууд шалтгаалах байх?
-Шүүхийн тухай хуулийн 5.11-д шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байна, бодлогыг ШЕЗ хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газар, УДШ-тэй зөвшилцөн УИХ-д
уламжлахаар зохицуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг боловсруулж УИХ-ын даргад уламжлаад байна. Бодлогын төслийг боловсруулахаар Н.Отгончимэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн оны сүүлээс ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэгт Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, УЕПГ, ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөлөл багтсан. Төслийг боловсруулахдаа шүүхийн нөхцөл байдлыг бодитой тогтоох зорилгоор хөндлөнгийн байгууллагуудаар болон дотоод нөөц боломжоороо хэд хэдэн судалгааг хийлгэсэн байгаа.
Мөн бодлогын төслөө ШЕЗ-ийн цахим хуудаст байршуулж санал авах ажлыг зохион байгуулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналуудыг тусгалаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө
2031-2040 онд иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно гэсэн зорилго тавьсан. Шүүх эрх мэдлийн бодлого 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ үр дүнгийн суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Хуулийн төсөл бүхлээрээ шүүхийн шинэчлэл юм болов уу гэж харагдаж байна. Ямар шүүхүүд яаж байгуулах талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Үндсэн хуульд 2019 онд хоёр том зарчмын өөрчлөлт орсон. Нэг нь, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх, нөгөө нь шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тухай юм. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах ажил өмнө нь хийгдэж байсан ч Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг агуулгаар хүчингүй болж байсан. Харин Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тойргийн шүүх байгуулах боломжтой болсон.
Өнгөрсөн зургадугаар сард ШЕЗ-өөс УДШ-тэй зөвшилцсөн Шүүх байгуулах хуулийн саналын төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Хуулийн саналын төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам өөрийн саналыг тусган цахим хуудастаа байршуулан санал авсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн УДШ-тэй зөвшилцсөн саналд тодорхой өөрчлөлт орсон байсан гэсэн үг. Харин шинэ сайд ажлаа аваад ШЕЗ-ийн УДШ-тэй зөвшилцсөн саналыг Засгийн газарт танилцуулан УИХ-д өргөн барихаар болсон байгаа.
ШЕЗ-өөс Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслийг боловсруулахдаа шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгын дор хүн амын төвлөрөл, шүүх, шүүгчийн ажлын ачаалал, зохион байгуулалт, “Цахим Монгол” болох зорилго зэрэг олон хүчин зүйлийг харгалзсан. Нийслэлд төвийн зургаан дүүргийн шүүхүүдээ хоёр том тойрог болгож, холын дүүрэг болох Багануурыг тусад нь, Налайх, Багахангайг нэг тойрог болгож байгуулахаар тусгасан. Монгол Улсын хот төлөвлөлт, дэд бүтцийн ирээдүйн бодлогоор нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаатай уялдуулж холын дүүргүүд тусдаа шүүхтэй байхаар тойроглох нь зүйтэй юм гэж үзсэн. Мөн цоо шинээр хялбар ажиллагааны шүүх, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулахаар хуулийн төсөлд тусгасан.
-Орон нутгийн хувьд?
-Тухайлбал, Дархан-Уул гэхэд нэг шүүхийн байранд захиргаа, эрүү, иргэний анхан шатны шүүх, мөн давж заалдах шатны шүүх байрладаг. Иргэд үүнийг шүүх л гэдэг статусаар хүлээж авдаг. Захиргаа, эрүү, иргэний шүүх гэсэн ялгаа заагийг төдийлөн ойлгоход хүндрэлтэй, ойлгох ч шаардлага байхгүй. Шүүхээс орж үйлчилгээгээ авахад хялбар байх учиртай. Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг бусад оронд ердийн шүүх гэж үздэг юм байна. Манайд дагнасан шүүх гэхээр захиргааны шүүх байдаг. Тэгэхээр ердийн буюу эрүү, иргэний шүүхийг нэг шүүхээр байлгая. Дотроо танхимын зохион байгуулалттай байж болно. Харин захиргааны шүүх бол онцлогтой учраас дагнасан байя гэдэг байдлаар хуулийн төсөлд саналаа оруулсан.
-Анхан шатны шүүхүүдийн хувьд ийм өөрчлөлт орох нь. Давж заалдах шатны шүүхийг тойроглох уу?
-Давж заалдах шатны шүүхийг орон нутагт дөрвөн бүсэд тойроглон байгуулах бол нийслэлд нэг тойрог байхаар тусгасан. Баруун бүс нь Ховдод, төвийн бүс нь Төв аймаг, хангайн бүс Орхонд, зүүн бүс Хэнтийд байна. Нэг ёсондоо зам харилцаа сайтай, нийслэл рүү ойрхон аймгууд руу зохион байгуулалт хийсэн. Учир нь шүүх байгуулахтай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байгаа гол субъект бол шүүгчид. Тэдний санал бол олонх нь нийслэлд нэг том тойргоор давж заалдах шатны шүүх байгуулах нь зөв гэсэн саналыг дэмжсэн байсан. Гэхдээ улсын хэмжээнд нэг тойроглолт хийхэд холын аймгуудын хувьд арай хүндрэлтэй байна гэж үзсэн учраас бүсээр тойроглох саналын төслийг боловсруулсан.
Нийт хэргийн статистикийг харвал анхан шатны шүүхийн шийдвэрийн 91 хувь нь давж заалдахгүйгээр хэвээр үлддэг. Давж заалдах шатны шүүхийн тухайд орон нутагт иргэний хэрэг дээр зургаа, эрүүгийн хэргийн 13 хувь нь давж заалддаг гэсэн судалгаа бий. ШЕЗ-ийн барьсан бодлого бол төрийн цахимжилтыг дэмжихэд чиглэж, шүүх байгуулах төсөл дээр анхаарсан. Монгол Улс “Цахим Монгол” үндэстэн болно гэсэн зорилготой. Шүүхийн цахимжилтын түүхийг харвал 30 жилээр ярих боломжтой. Гэтэл яг цахимжилт гэдгээ юу гэж ойлгохоос эхэлнэ. Одоогийн байдлаар шүүхэд 20 гаруй программ, хангамж цахим систем ашигладаг. Тооны хувьд олон мэт боловч эдгээр системүүд хоорондоо болон бусад байгууллагын цахим системтэй уялдаа холбоо сайн биш, интеграци хийгдээгүй. Энэ нь иргэн талаас үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс шүүхийн цахимжилтад анхаарал хандуулж, системүүдийн уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна.
-Шинэ шүүхүүд байгуулагдах юм байна. Хялбар ажиллагааны шүүхээс эхэлье. Энэ шүүхээр ямар хэргийг шийдвэрлэх вэ?
-Та бүхэн санаж байгаа байх. “Баривчлах, түр саатуулах ажиллагаа хүний эрхийг зөрчиж байна” гэсэн дүгнэлтүүд хүний эрхийн байгууллагуудаас гардаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Улсын Дээд шүүхээс оруулж ирсэн санал. Товчхондоо, 24 цагаар жижүүрийн шүүх ажиллаж, зөвшөөрөл өгөх ёстой. Мөн зөрчлийн хэрэг маргаануудыг шуурхай шийддэг байх гэсэн саналууд орж ирсэн. Үүн дээр ШЕЗ-ийн зүгээс бага үнийн дүнтэй иргэний хэрэг маргаануудыг нэгтгээд хялбар шуурхай шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хялбар ажиллагааны шүүх зөвхөн нийслэлд байна. Учир нь шүүхийн хамгийн их ачаалал нийслэлд байдаг. Харин орон нутагт үүнийг шүүх дотроо зохион байгуулалтаараа шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн.
-Тэгвэл Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг байгуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ?
-Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны дагнасан шүүх гэж тус тус байгуулахаар төсөлд тусгасан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэж байгаа хэргийн 10-12 хувийг Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг эзэлсэн байдаг. Эдгээр хэргийн 60 орчим хувийг гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалсан хэрэг, маргаан эзэлж байна. Харин Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэж буй хэргийн 1.3 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, өсвөр насны хүн холбогдож хянан шийдвэрлэсэн хэрэг нийт хянан шийдвэрлэсэн хэргийн 1.2 хувийг тус тус эзэлсэн. Өсвөр насны хүн хохирсон хэрэг нийт хохирогчийн 4.3 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэрэг нийт хянан шийдвэрлэж буй зөрчлийн хэргийн дөрөв орчим хувийг тус тус эзэлж байна. Эндээс Монголд гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага бий болжээ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Гэр бүлийн шүүх байгуулагдсанаар гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон шүүхийн тусгай процесс, орчин бүрдэнэ. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахад нөлөөлнө гэж харж байгаа. Тус шүүх байгуулагдсанаар шүүхийн ачааллыг 22 хувиар бууруулна гэсэн тооцоолол гаргаад байна.
-Хуулийг батлахаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв гэж чухал зүйл. Шүүх байгуулах тухай хуулиар шинэ бүтцүүд бий болж, түүнийг дагасан зардал гарахаар харагдаж байна. Тэгэхээр төсөв ч багагүй гарах байх?
-Яах вэ, бид шүүх байгуулахыг аль ч хувилбараар ярьж болно. Гол нь хууль өөрөө хэрэгжих ёстой. Хэрэгжих нөхцөл бололцоо, эдийн засгийн үндэслэлийг Засгийн газар судалж УИХ руу оруулах байх.
Бидний тооцоолсноор энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 602 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Жишээ нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх нэг байранд байрлаж байна. Хуульд шүүх өөрийн байртай байна гэдэг. Дундаа байртай байна гэх зохицуулалт байхгүй. Гурван шүүх гурван байртай байх атал 2015 оны шүүх байгуулалтаар нэгтгэчихсэн. Хууль хэрэгжих ёстой болохоос биш боломжгүй бол тэгээрэй гэсэн зохицуулалт байхгүй. Хуульд шүүх төсвөөс санхүүжинэ, бие даасан төсөвтэй байна, ажиллах боломжийг төр хангана гэсэн зохицуулалттай учраас бодитоор хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаасай гэж хүсч байгаа. Ер нь хууль хэрэгжих эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг хангахгүйгээр хууль батлаад орхих нь буруу. Энэ талаас нь анхаараасай гэж хүсч байна.
Шүүх байгуулах асуудал бол шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой. Хоёр дахь том асуудал бол төсөв. Шууд төсөв гэж ярихаас илүү шүүхийн төсөв ямар явж ирсэн, яагаад төсөв чухал вэ гэдгийг бид хэлэх ёстой. Шүүгчид өндөр цалинтай гэж яриад л байдаг. Яг үнэндээ цалин хамгийн сүүлд тогтоосноос хойш найман жил өнгөрчихсөн, цалин багатай, хүндрэлтэй нөхцөлд орчихсон юм билээ. Тиймээс бид нэг хэргийг шийдэхэд ямар зардал гаргадаг талаар өртгийн судалгаа хийж үзсэн.
-Сонирхолтой үр дүн гарсан гэж дуулсан?
-Тийм ээ. Судалгаагаар нэг хэргийг шийддэг зардлаар 4-5 хэрэг шийдэж байна гэсэн үр дүн гарсан. Үүнд бид байшин барилгын асуудлыг оруулаагүй. Зөвхөн урсгал зардал, цалин урамшуулал зэрэг процессыг тооцож гаргахад ийм нөхцөл байдалтай ажиллаж байна. ШЕЗ-өөс шүүхийн 2024 оны төсвийг 2023 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж өргөн барьсан. Судалгаанаас харахад ингэхээс ч өөр аргагүй юм билээ. Хуучин төсөөллөөр 30 жил явж ирлээ. Ингэснээр өнөөдрийн шүүхийн нөхцөл байдал ямар байдалд орсныг бүгд л мэдэж байгаа. Өөр илүү бодитой байх тал руу, өөрчлөлт хийж менежментээ сайжруулахгүй бол нөхцөл байдал маш хүнд байна. Ерөөсөө иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ бий болох орчин нөхцөлийг Шүүх байгуулах хуулиар шийднэ гэсэн өндөр хүлээлттэй байна.
-Сангийн яамнаас шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг нэлээд танасан харагдсан. Ийм байдал шүүхэд хэр нөлөөлдөг юм бэ?
-Шүүхийн тухай хуулиар Засгийн газар шүүхийн төсвийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хянагдсан хэмжээнээс бууруулахгүйгээр УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Энэ нь шүүх эдийн засгийн хувьд бие даасан байх эрх зүйн баталгаа юм. Сангийн яам засаглалын бие даасан эрх мэдлийн эдийн засгийн баталгааг хангах санхүүгийн эх үүсвэрийг л шийдвэрлэх ёстой. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хөрөнгө оруулалтын төсвийг байнга хассаар ирсэн. Энэ нь шүүхийн ажиллах, орчин, нөхцөлийг маш хүнд нөхцөлд аваачсан. Иргэд шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүхээс чирэгдэлгүй үйлчилгээ авахад хүнд байдалтай байгаа нь эдийн засгийн хүндрэлээс шууд шалтгаалж байгаа юм.
-Өмнө нь тантай ярилцахад шүүгчийн сонгон шалгаруулалтыг чухалчлан ярьж байсан. Өнөөдөр ч энэ сэдэв чухал хэвээр байгаа. Шүүгчид хэр нэмэгдэж байна вэ?
-ШЕЗ-ийн үндсэн чиг үүрэг шүүгчийн сонгон шалгаруулалт. Бид 10 гишүүний бүрэлдэхүүнтэй болж ажилласнаас хойш тав дахь удаагийн сонгон шалгаруулалтаа зарлаад байна. Өмнөх дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаас сонгогдсон нэр дэвшигчдийг шүүгчээр өргөн мэдүүлэх процесс дуусч байна. Гэвч бид орон тоогоо нөхөж чадахгүй байна. Тиймээс шилдэг хуульчид шүүгч болох гэж өрсөлдөж байна уу гэж өөрсдөөсөө асуухад хүрч байна.
-Хангалттай мэдлэг, чадвартай хүн шүүгчид өрсөлдөхгүй байгаа хэрэг үү?
-Бүртгүүлж байгаа хүмүүсийг шилдэг биш гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ шалгаруулалтад орж байгаа хүмүүсийн 13-15 хувь нь л тэнцэж байна. Дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь тэнцэж чаддаггүй. Мэдээж шүүгч бол хариуцлагатай албан тушаал. Насан туршдаа томилогддог, бие даасан хараат бус байдлаар ажилладаг хүмүүс учраас босго өндөр, шалгуур сайн байх ёстой. Харин яагаад шилдэг хуульчид нэр дэвшиж орж ирэхгүй байна вэ гэхээр одоогийн нөхцөл байдалтай шууд холбоотой.
Үндсэн гурван шалтгаан нь шүүгчийн цалин, шүүхийн орчин нөхцөл, ачаалал. Шүүгчдийн цалинг хамгийн сүүлд 2014 онд үндсэн цалин 2.7-3.3 сая байхаар УИХ-аар тогтоосон. Тухайн үедээ бол шүүгчийн цалин өндөртөө тооцогддог байсан. Түүнээс хойш инфляци яаж нэмэгдэв. Валютын ханш хэрхэн өсөв. Худалдан авах чадвар макро эдийн засгийн түвшинд хүнд байна. Гэтэл шүүгчдийн цалин хэвээрээ л байж ирлээ. Сүүлийн найман жилийн турш огт нэмээгүй. Эрхбиш одоо ажиллаж байгаа шүүгчид маань юм хэлэхгүй байна. Харин шинээр орж ирэх хүмүүс цалинг нь голоод байна. Аргагүй шүү дээ. Гэтэл нэг өмгөөлөгч олон сараар үргэлжилсэн хүнд биш, дундаж нэг хэрэг дээр ажиллалаа гэхэд 10 сая төгрөг авч байна. Тэгэхээр шүүгч хийх үү, өмгөөлөгч эсвэл олон улсын фирмд консалтинг хийгээд суух уу. Тэнд ахуй хангамж, орчин, ажиллах нөөц, цагийн менежмент зэрэг бүх юм чөлөөтэй. Хүмүүс шүүгчдийг гоё байранд сууж яах гээд байгаа юм гэж зэмлэдэг. Яг үнэндээ шүүгч гэхээсээ илүү хэргийн оролцогчид, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухтай орчинд, аливаа саад бэрхшээлгүйгээр хэрэг маргаанаа зүй зохистой шийдүүлэх боломжийг хангаж буй явдал. Нөгөө талаар шүүгч анхаарлаа зөвхөн ажилдаа хандуулах боломжийг олгох нь иргэнд хэрэгтэй. Тиймээс бид тал талаас баланстай харж ярих ёстой юм.
Сэтгүүлч Б.Энхзаяа
Эх сурвалж: "Өдрийн сонин"