Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаатай ярилцлаа.
ВИДЕО:
-БАТААРЫН ТОЛГОЙГ БУЦААЖ АВАХ АСУУДЛЫГ ДАВЖ ЗААЛДААД ЯЛЖ БАЙСАН-
-Дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Азиас сонгогдсон ганц шүүгч нь таныг байсан гэдэг. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Нийт хэдэн жил шүүгчээр ажиллаж байв?
-2012 онд намайг анх оролцож байхад Азиас хүн байгаагүй. Тухайн үед Сингапурын их сургуулиас амжилттай оролцдог байсан ч тус улсаас шүүгч оролцдоггүй байсан. Харин одоо бол Азиас нэлээд олон шүүгч оролцдог болсон. 2019 онд тус тэмцээнд оролцоод явж байхад монгол хүнтэй хүртэл таарч байсан. Монголоос шүүгч нэмэгдээд оролцсон байна гэдэг бол маш том амжилт гэж харж байгаа. Дэлхийд нэр хүнд, рейтингээрээ нэгдүгээрт явдаг тэмцээн.
-Та олон улсын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ үед олны анхаарал татсан ямар ямар хэргүүд дээр ажиллаж байв. Батаарын хэрэг дээр оролцож байсан санагдаж байна?
-Би ихэвчлэн комсалтан тал руугаа явдаг. Манай үйлчлүүлэгч гэвэл дэлхийн топод тооцогдох Петрочайна, Шинхуа инержи, Пибоди гэх мэтчилэн том том олон улсын компаниуд байсан. Батаарын хувьд тухайн үед БСШУЯ-наас “Энэ хэрэгт монгол талын шинжээчээр оролцоод өгөөч шинжээчийн үүрэг их чухал юм байна. Шинжээч нь Монгол Улсын хууль эрх зүйн орчныг маш сайн тайлбарлавал танд ялах магадлал байна” гээд санал тавьж байсан. Тухайн үед Чикагогийн санагдаж байна прокурорын газар оролцоод Батаарын толгойг буцааж авах асуудлыг хэлэлцэж бид давж заалдаад ялж байсан.
-Тухайн үед хэргийн процесс хэрхэн явагдаж байсан бол?
-Тухайн үед төрийн өмч гэж юуг хэлэх үү гэдгийг маш их ярьж байсан. Бид “Батаар чинь манай төрийн өмч шүү дээ” гэдэг байдлаар хандсан. Гэтэл нөгөө тал “Батаар чинь төрийн өмч биш. Бид үүнийг Монголын говиос олсон” гэдэг асуудал үүсгэж байсан. Тэгэхээр нь төрийн өмч гэдгийг байгалийн баялаг, газар түүний хэвлий дэх бүх хөрөнгө нь төрийн өмч гэдэг байдлаар тайлбарласан. Гол нь энэ маргаан хэдэн цаг үргэлжилсэн.
Ер нь бид нар газрыг нийтийн төрийн өмч болгохгүй бол ямар нэгэн байдлаар Монгол Улс зээл аваад деполд зарлаад Монгол Улсын хөрөнгөнөөс эд хөрөнгийг нь барагдуулна гэвэл “Газар болон түүний хэвлий чинь төрийн өмч шүү дээ өмчөөр чинь барагдуулъя" гэдэг асуудал тулгарах эрсдэл үүсэж байгаа юм байна гэдгийг тэр шүүх хурлын процессоос харсан.
-ШЕЗ-Д ИРЭЭД ШҮҮХ ОРХИГДСОН ЕРТӨНЦ БОЛСОН ЮМ БАЙНА ГЭЖ ХАРСАН-
-Та урд нь шүүхийг хөндлөнгөөс харж байсан хүний хувьд ШЕЗ тэр тусмаа шүүхийн гал тогоог удирдаад ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Би өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүх шинэчлэгдэж байгаа юм байна гэдгийг нэг талаасаа харж байсан. Учир нь "Үнэн" сонин "Гранд лайн"-ы талаар бичсэн байсан юм. Гэтэл Э.Бат-Үүл дарга “Би тийм зүйл хийгээгүй. Миний нэр хүндийг гутаалаа" гэж гомдол гаргасан байдаг. Уг хэрэг дээр би оролцоод гурван шатны шүүхээр явж, Э.Бат-Үүл даргыг ялсан. Ингэхдээ шүүх ямар ч байсан шударга болсон юм байна гэж бодож байсан. Ер нь иргэд хоорондын маргаан дээр шүүх шударгаар явдаг. Магадгүй улс төр оролцсон хэрэг дээр арай өөр өнцөг байдаг байж магадгүй гэсэн хардлага иргэн хүний хувьд ч өмгөөлөгч хүний хувьд ч төрж байсан. Ардчилсан нам засаг барьж байсан үед шүүх дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь шүүх шударга болж байгаа юм байна гэх итгэлийг төрүүлж байсан.
Харин ШЕЗ-д ирээд шүүх орхигдсон ертөнц болсон юм байна гэж харсан.
Юу вэ гэхээр шүүхийн төсвийг жил бүр танадаг. Хөрөнгө оруулалт гэж байхгүй. Яагаад ингэж хөрөнгө оруулалтгүй байлгаад байдаг юм. Шүүх хуралдааны танхим гэж тусдаа байх ёстой. Гэтэл та бид хоёр магадгүй маргалдаад явахад бие биеийнхээ чихэн дээр амьсгалаад л шүүх хуралд оролцдог ийм байдал үүсгэсэн байгаад байгаа юм. Би өөрөө шүүх хуралд оролцдог байхдаа үүнийг сайн анзаардаггүй байжээ. Сая шүүхийн тухай хуулиар шинэ ерөнхий зөвлөлийн гишүүд бүрэлдсэн. Арван гишүүд маань миний хувьд хараат бусаар бодлогын юмнуудаа хийж байна гэж харж байгаа. Хоёрдугаарт шүүхийн нэр хүндийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бид нар ил тод байж, шүүхийн Тамгын газар шүүхүүдээ ил тод байлгаад байвал аливаа хардлага багасах юм байна гэж харсан.
-МАНАЙД ӨӨРИЙН БАЙРГҮЙ ЗУРГААН ШҮҮХ БАЙНА-
-Ер нь олон улсад шүүхийн орчин нөхцөл нь ямар байдаг юм бэ?
-Манай улсад шүүхийн байр ямар байдгийг хэлэх үү. Гаднын шүүхийн байрны шүүгдэгчийн тусгаарласан хэсэг байдаг шүү дээ. Манай шүүхийн байр яг тэр хэсэг шиг хэмжээтэй. Гэтэл шүүхийн стандарт маш том. Тодорхой хэмжээгээр оролцож байгаа хүмүүст нь боломж олгодог. Хэргийн оролцогчид нь 10, 20 байсан ч тэднийг багтаах зай багтаамжтай байх ёстой. Өмгөөлөгчдийн, шинжээчдийн, прокурорын байрладаг өрөөнүүд нь тусдаа байх ёстой. Ер нь шүүх хурлын танхимын стандарт гэж байх ёстой ч манайд бол тийм зүйл алга.
-Шүүхийн орчин нөхцөлийг шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд тодорхой харж байгаа. Тэр ч бүү хэл ОХУ-ын өмчийн байрыг хүртэл түрээслээд үйл ажиллагаа явуулдаг шүүх хүртэл байна шүү дээ?
-Манайд өөрийн байргүй зургаан шүүх байна. Үүний нэг нь сая таны хэлдэг Дарханы анхан шатны шүүх ОХУ-ын байрыг түрээслээд ажиллаж байгаа. Мөн Хан-Уул дүүргийн шүүх актлагдсан байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Кино үйлдвэрийн заалыг түрээслэдэг гэх мэтчилэн зургаан шүүх өөрийн байргүй. Мөн зургаан шүүх прокурортойгоо хамт байрладаг. Шүүхийн тухай хуульд шүүхийн байранд шүүхээс өөр байгууллага байрлахыг хориглоно гэсэн заалттай. Гэтэл прокурортой ингээд цуг байрлаж байна. Ялангуяа орон нутагт шүүхийн байрууд үнэхээр өрөвдөлтэй болсон юм билээ.
-Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн байр, орчин нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ажлыг хийхээр төлөвлөж, хийж байна вэ?
-Шүүхийн стандарт барилгын зураг төсөл нь хийгдсэн боловч нэг ч баригдах төсөвгүй байгаа. Архангай, Багануурт шүүхийн байр баръя гээд саналаа хүргүүлсэн ч байхгүй. Мөн Баянгол, Налайх, Багануур гэх мэтчилэн шүүх дээр тодорхой хэмжээний өргөтгөл хийе гээд хүсэлтээ явуулсан ч бас л хөрөнгө оруулалт хийхгүй гээд байхгүй. Уг нь Хан-Уул дүүрэгт нэг шүүхийн цогцолбор барилга байгаа. Тэр цогцолбор барилга баригдчихвал тодорхой хэмжээний хэд хэдэн шүүхэд, ялангуяа баруун талын бүх шүүхүүд, ШЕЗ-тэйгөө, шүүхийн тусгай архивтайгаа тэнд очоод байрлах бүрэн бололцоотой. 2013, 2014 онд 5 тэрбум төгрөгөөр цогцолборын суурийнх нь ажил хийгдсэн. Хууль зүйн яамнаас 2017 онд ШЕЗ-д шилжээд ирсэн. Ядаж энэ барилга дээрээ жил жилд нь төсвөө тавиулаад явуулъя гээд хүсэлтээ өгсөн. Тэр нь ч байхгүй л байна. Засгийн газраас шинэ хөрөнгө оруулалт дээр мөнгө тавихгүй гэсэн. Гэтэл манай энэ хуучин барилга дээр ч хөрөнгө оруулалт хийсэнгүй. Бидний хувьд зөндөө ярьж, тайлбарлаж гүйгээд нэмэргүй л байна. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ асуудлаа ярьсан. Хууль зүйн байнгын хороо бидний урсгал төсвийг хянаж өгчхөөд “Хөрөнгө оруулалтыг Сангийн яамтай ярьж байгаад шийдвэрлүүлнэ. Хөрөнгө оруулалт энэ онд болон ирэх онд эдийн засаг хүнд байгаа болохоор ойлгож үзнэ биз дээ” гэдэг байдлаар хандсан.
-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ТОЙРОГ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ БАЙНА ГЭДЭГТ САНАЛ НЭГДСЭН-
-Шүүх байгууллага байгуулах тухай хууль олны анхаарлыг татаж байх шиг байна. Энэ хүрээнд олон судалгаа хийгдэж байгаа байх. Энэ ажлын явц ямар байгаа вэ. Энэ талаар та яриач?
-Сая шинэ ерөнхий зөвлөл бүрэлдээд гурван удаагийн судалгаа хийж, Шүүх байгуулах тухай хуулийн саналаа гаргаад Дээд шүүхтэй зөвшилцөхөөр өнгөрсөн тав дах өдөр хүргүүлсэн. Дээд шүүхтэй зөвшилцсөний дараа Засгийн газарт өргөн барина. Засгийн газраас Хууль зүйн яам бас тодорхой хэмжээнд шүүх байгуулах ажлын хэсэг гарах ёстой.
Орон нутгийн давж заалдах шатны шүүхүүд дээр бүрэлдэхүүн байдаггүй. Давж заалдах шатны шүүх чинь гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой. Гэтэл жишээлбэл Баянхонгор аймаг нэг шүүгчтэй. Бид нар сонгон шалгаруулалт зарлаад шүүгч ордоггүй гэх мэтчилэн бүрэлдэхүүн байхгүй тохиолдлууд маш их байдаг. Нэг шүүхээс хоёр шүүгчийн бүрэлдэхүүн бас ирж болохгүй байна. Тэгэхээр Баянхонгор хаанаас байдаг юм Завханаас, Говь-Алтайгаас нэг шүүгч урьж авчраад бүрэлдэхүүндээ багтаах шийдэл байна. Тэр шүүгч нарыг зөөх унаа машин юу байх уу. Шүүгчийн аюулгүй байдлыг яаж хангах уу гэх мэт маш олон асуудал гарч ирдэг. Үүнээс шалтгаалаад давж заалдах шатны шүүх бол тойрог байх нь зүйтэй юм байна гэдэгт санал нэгдсэн.
-Анхан болон давж заалдах шатны 41 шүүхийн Тамгын газарт, 101 шүүх шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Үүнийг цөөлөх юм болов уу. Шүүх байгуулахад гол концепц нь юу байх вэ?
-Концепцоор зарим шүүхийг цөөлнө гээд л ярьж байсан. Одоо бол бараг хэвээрээ явах юм шиг харагдаж байна. Яагаад гэвэл давж заалдах шатны шүүх нь давж заалдах шатны шүүх гэж байгаа боловч шүүхийн тамгын газар нь аймгийн захиргааны хэргийн шүүх, давж заалдах шатны шүүх, аймаг доторх сум дундын шүүх гээд энэ бүгд нэг тамгын газартай. Өөрөөр хэлбэл гурван шүүх нэг тамгын газартай. Аймаг дээр иргэний хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны гэж байдаг. Ингээд нийтдээ дөрвөн шүүх нэг тамгын газар дээр байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр нэг л шүүх нь явна. Нэг шүүх нь явлаа гэхэд магадгүй Баянхонгор дээр нэг шүүгч л явах болчхоод байгаа юм. Тэгээд нэг шүүгчийг дагасан хөрөнгийн асуудлыг яах вэ гэхээр тамгын газар дээрээ үлдээд л бусад гурван шүүх дотроо ороод явчихаар иймэрхүү байдалтай харагдаад байгаа юм. Тэгэхээр тамгын газарт өөрчлөлт орохгүй юм шиг харагдаж байгаа. Гэхдээ Дээд шүүхтэй зөвшилцөөд, Хууль зүйн яам дээр очоод гол концепц нь яаж гарна. Магадгүй биднийхээр явчихвал их л сайн байгаад байна.
-ТӨСӨВ БАТЛАГДВАЛ 40 ШҮҮГЧ НЭМЭГДЭНЭ. ТЭДНИЙГ ХАМГИЙН АЧААЛАЛТАЙ БАЙГАА ХЭСЭГ РҮҮ ЯВУУЛНА-
-Ер нь шүүгчийн ачаалал өндөр байна. Нэг шүүгч жилд 300 хэрэг маргаан ногддог гэдэг. Тэгэхээр магадгүй шүүгчийн ажлын ачаалал нь хэт өндөр байгаагаас болоод иргэдэд хүрч байгаа үйлчилгээнд ч гэсэн нөлөөлж байна уу гэсэн хардлага байдаг. Энэ талаар?
-Байлгүй яахав. Гэхдээ мэдээж шүүгчид шүүн таслах ажиллагаа тактик болон тухайн хэрэгт тогтоох хууль хэрэглээний асуудал зайлшгүй байдаг. Нэг шүүгч дээр 300 биш 30 хэрэг байвал нөгөө шүүгч нь олон улсын практикийг судлах, хэргийг шийдэхэд өөр судалгаа хийгээд явахад тухайн хэрэг тодорхой хэмжээгээр шударга шийдэгдэхэд маш дөхөм болно гэж хардаг. Тэгэхгүй бол хэргээ ч уншиж амжихгүй шүүх хуралд орох нь холгүй ийм нөхцөл байдал одоогоор байна. Гэтэл өмнө нь судалгаа хийгээд яаж шийдэгдэж байсан, үүнийг анх шийдэж байсан хэргүүд юу байна, гадаадад яаж шийдэж байсан байна гээд судалгаа хийгээд харьцуулаад шийддэг бол энэ маш шударга болно
-Жилээс жилд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн тоо улам өсөөд байдаг. Гэтэл шүүгчдийн тоо, шүүх хурлын танхимын тоо яг л байдгаараа өмнөх шигээ байгаад байна. Үүн дээр ямар гарц гаргалгаа байна вэ?
-Ер нь бол жил болгон шүүхийн ачаалал нэмэгддэг. Гэтэл сүүлийн хэдэн жил шүүгчийн тоог нэмэхгүй яваад байсан юм билээ. Сая харин Шүүхийн ерөнхий зөвлөл бид нэлээн асуудал үүсгэж байгаад шүүгч нарынхаа тоог нэмэх төсөв батлуулахаар суулгаж чадсан. Гэхдээ их хурлаар эцэслэн батлах хүртэл бид яг энэ эцэслэгдээд батлагдчихлаа гэдэг дээр 100 хувь хэлж чадахгүй байна. Жил бүр 520 шүүгчийн төсөв батлагддаг боловч яг бүх тооцооллоо үзэхээр 506 шүүгчийн төсөв байдаг юм. Энэ жил 560 шүүгчийн төсвийг ямартай ч урсгал зардалдаа суулгаж чадсан. Тэгэхээр 40 шүүгч нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байгаа. 40-өөд шүүгчийг хамгийн ачаалалтай байгаа хэсэг рүү явуулж байж тэр ачааллаас нь хуваалцах процесс явуулна. Мэдээж тэр хэмжээгээрээ шүүх хуралдааны танхимын хүрэлцээний асуудал байна. Гэхдээ тэрийг одоо яриад нарийн шийдэж чадахгүй байгаа болохоор танхимын хүрэлцээ муу хэвээрээ л явах байх. Гэхдээ шүүгч нар дээр байгаа ачаалал хуваалцчихаар ер нь л дөхөмтэй болно гэж хараад байгаа.
Б.БАТЧИМЭГ
Эх сурвалж: "isee.mn" сайт 2022.10.31