Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Энэ хүрээнд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулдаг болсон. Тэгвэл хамгийн анхны сонсгол улсын баяр наадмын өмнөхөн боллоо. Ингээд Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллахаар нэр дэвшсэн шүүгч Н.Баярмаа, Д.Батбаатар нарыг "хөтөлж" чуулганы босго давуулсан Шүүхийн зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамтай ярилцсанаа хүргэе.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүгчийг шууд томилдог бус сонгон шалгаруулдаг тогтолцоотой боллоо. Гэхдээ Үндсэн хуулийн 16.14-т шүүгчийг "шилж сонгоно" гэж заасан байдаг. Хэдийгээр шүүгчийг сонгон шалгаруулж байгаа нь сайшаалтай ч "ШИЛЖ СОНГОХ" гэсэнтэй дүйцэж чадах уу?
-Чадна. Шүүгчийн сонгон шалгаруулалтад ихэвчлэн шүүгч нар нэр дэвшдэг. Сонгон шалгаруулалт олон төрлөөр нээлттэй, шударгаар явагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн шүүхийн аль ч шатанд ажилладаг, ажиллаж байсан. Эсвэл өмгөөлөгч, хуульч байснаас үл хамаарч ажилдаа хэр шударга ханддаг, зан ааш төлөв байдал, ур чадвар, ёс зүй, хариуцлага гээд бүх үзүүлэлтийг нэг бүрчлэн оноогоор дүгнэнэ. Энэ утгаараа Үндсэн хуульд заасан "шилж сонгох" гэдэг агуулга сонгон шалгаруулалттай хамт явагдаж байгааг ойлгох хэрэгтэй.
-Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан. Шүүгчийг сонгон шалгаруулахдаа Сахилгын хорооноос албан тодорхойлолт авч байгаа юу?
-Нэг бүрчлэн магадалгаа авдаг.
-Хуулиар журамлаж өгсөн юм болов уу?
-Өгсөн. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаагүй байх гэдэгт УЕП-оос, гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нь ЦЕГ-ын гэмт хэргийн лавлагааны сангаас, сахилгын зөрчил авагдаж байсан эсэх лавлагааг Шүүхийн сахилгын хорооноос авдаг болсон.
-Шүүхийн тухай хуульд Шүүхийн сахилгын хорооноос лавлагаа мэдээлэл авна гэсэн заалт байгаагүй. Тэгээд л Сахилгын хороотой яаж уялдаж байгаа юм бол гэж гайхсан?
-Лавлагаа мэдээлэл авах асуудлыг нэмж оруулж байгаа.
-Юунд нэмж оруулж байгаа гэж?
-Журамд нэмсэн. Энэ асуудал бол таны хэлсэн "шилж олох" гэдэгтэй шууд холбоотой асуудал. "Шилж олох" гэсэн шүүгч хэрвээ сахилгын шийтгэл хүлээж байсан бол шилэгдмэл хүн биш болно шүү дээ. Тиймээс энэ асуудлыг орхигдуулж огт болохгүй.
-Шүүхийн сахилгын хороо тусдаа байгуулсныг хуулийн салбар нэг шат ахилаа гэж харсан. Шүүхийн хариуцлагагүй байдлаас болж маш олон иргэн, ААН хохирдог, хохирсоор ч байна. Энэ асуудал дээр ШЕЗ хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сахилгын хороог байгуулсан нь зүгээр ч нэг хэрэг биш. Энэ бол бодлогын асуудал. Шүүхийг сахилгажуулах, шүүхийг ёс зүйтэй болгох, шүүхийг хариуцлагажуулах, хандлагыг өөрчлөх үүднээс энэ байгууллагыг байгуулсан. Хэрвээ шүүгч хуульд зааснаас өөрөөр ажиллах юм бол Сахилгын хорооноос хуульд заасан хэм хэмжээгээр арга хэмжээ авна. Шүүгчийн гаргасан зөрчил ноцтой үндэслэл юм бол огцруулах хүртэл арга хэмжээ авна.
-Сахилгын хорооноос авах арга хэмжээ бол эцсийнх. Үүнийг ойлгож байгаа. Гэхдээ наана нь шүүгч шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, төлөвшилтэй байхад ШЕЗ яаж анхаарч ажиллаж байна вэ гэдгийг мэдмээр байна?
-"Шилж олно" гэдэгтэй шууд уялдана. Ёс зүйтэй, хариуцлагатай, ухамсартай, сахилгын алдаа дутагдал гаргаж байгаагүй, зан төлөвийн зөв төлөвшилтэй хүнийг шүүгчээр сонгож ажиллуулахад анхаарч ажиллаж байна. Улсын наадмын өмнө чуулганаар нэр бүхий хоёр шүүгчийг танилцууллаа. Сонгон шалгаруулалтаас харахад харьцангуй ёс зүйтэй, хариуцлагатай хуульч нар шат шатны шүүхэд ажиллаж байгаа нь харагдсан. Хоёрдугаарт, нэгэнт шүүгчээр томилогдсон шүүгч нарт сургалт, соён гэгээрүүлэх ажил тогтмол хийдэг. Өмнө нь ШЕЗ дээр сургалт судалгааны төв байгуулж, сургалт хийдэг байсан юм. Энэ төвийг хүрээлэн болгож Улсын Дээд шүүх рүү шилжүүлсэн. Хэдийгээр Дээд шүүх рүү шилжүүлсэн ч сургалтын хөтөлбөрийг ШЕЗ-тэй зөвшилцөж баталдаг. Энэ хөтөлбөрт нь ёс зүй, зан төлөв, шударга ажиллах зарчмыг зэрэг хичээлийг заавал оруулж өгч байгаа.
-Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой асуудал нийгэмд багагүй дуулиан тарьсан. Дагаад Х.Идэр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Эндээс л, улстөрчдийн тоглолтод шүүх оролцдог. Шүүх хараат бусаар шударгаар ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гарсан. Та үүнтэй санал нийлэх үү, эсвэл?
-Төрийн албанд 200 гаруй мянган алба хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 500 гаруй нь шүүгч гэдэг ажил, албан тушаалыг хашдаг. Ой мод урттай, богино гэдэг шиг, энэ 500 гаруй шүүгчдийн дунд хувийн ашиг сонирхлын зөрчил гаргадаг нэгэн байхыг үгүйсгэхгүй. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг дээ. Үүн шиг ганц, нэг хүний ёс зүйгүй үйлдлээс болж шүүхийн нэр хүнд унах, иргэдийн итгэл буурсан нь үнэн. Түүнээс биш олонх шүүгч нар ажилдаа хариуцлагатай байж, шударгаар ажилладаг гэдэгт би огт эргэлздэггүй.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Улсын Дээд шүүх хэргийг хянах үндэслэл гурав болж цөөрсөн. Энэ нэмэлт өөрчлөлт нь иргэд аливаа хэрэг маргаанаа шударга шүүхээр шийдүүлэх эрхийг зөрчсөн заалт юм биш үү?
-Би эрх зүйн салбарын эрдэмтэн, судлаач хүнийхээ үүднээс нэлээд зүйл яривал ярина. Гэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга гэдэг утгаараа одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг дагаж мөрдөхөөс аргагүй. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга болох Г.Совд багш "Хуулийг шүүмжлэхийн тулд биш хэрэгжүүлэхийн тулд баталдаг" гэж хэлсэн байдаг. Энэ их оновчтой үнэн үг шиг.
Хуулийн эерэг, сөрөг талыг нь бид мэдрэх ёстой. Дээд шүүх бол онолын шүүх. Дээд шүүхэд хянагдсан шүүх анхан болон давж заалдах шатны шүүхэд нэгдсэн хэрэглээний жишиг болох учиртай. Дээд шүүхийн тайлбар нэгдсэн хэрэглээг хангадаг байх ёстой. Онолын энэ талаасаа Дээд шүүхийн хэрэг хянах үндэслэл гурав болгосныг нэг их буруутгамааргүй байгаа юм.
Иргэдийн дунд нэг хандлага байдаг.
Тэр нь шүүхээр хэрэг маргаанаар шийдүүлэхдээ анхан, давах, Дээд шүүх гээд тултал явдаг. Шүүхээр яваад бүтэхгүй бол шүүгчийг нь Сахилгын хороонд өгдөг. Сахилгын хорооны гишүүд нь "Таны гаргасан гомдол үндэслэлгүй байна" гэж шийдвэл хорооны гишүүдийг ШЕЗ-д өгдөг. Өнөөгийн хуулийн салбарт ийм байдал үүссэн. Магадгүй Дээд шүүх хэрэг маргааныг хянах үндэслэл гурав болж цөөрсөн нь энэ нөхцөл байдлыг цөөлөх боломж байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа, өөрийн тань хэлснээр иргэн бүр хэрэг маргаанаа Дээд шүүхээр хянуулах боломжгүй болох талтай. Тэгж ч шүүмжлэх байх. Өмнө нь ч шүүмжилсэн. Хоёр талтай асуудал.
-Хэрвээ та дургүйцэхгүй бол Дээд шүүх хэрэг маргааныг шийдэх гурван үндэслэлийг хэлээд өгч болох уу?
-Дээд шүүхийн тайлбараас зөрсөн шийдвэр гарсан тохиолдолд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн нэг зүйл заалтыг өөрөөр хэрэглэсэн тохиолдолд гэж байгаа. Гурав дахь үндэслэл нь юу билээ дээ.
-Албан тушаалтнуудад холбогдох авлигын хэргийг анхан шатны шүүхээр бус давж заалдах шатны шүүхээр шийдүүлдэг болох тухай УИХ-ын чуулганаар яригдсан. Би энэ заалтыг Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль гээд холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлтөөр орсон эсэхийг хайгаад олсонгүй. Эсвэл одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд тусгах гэж байгаа юм болов уу?
-Ийм зүйл заалт тусгах талаар яригдаж байсан. Тэр төвшиндөө судлагдаж байгаа байх.
-Тэгвэл одоо УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хуулийн төслүүдэд тусгах юм байна, тийм үү?
-Тэрийг нарийн хэлж мэдэхгүй байна.
-Таны хувьд авлига, албан тушаалтанд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн журмаар шийдвэрлэх нь боломж бий юу?
-Байж болох хувилбар. Зарим ноцтой гэмт хэргийг давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн журмаар шийдвэрлэдэг олон улсын жишиг байдаг. Хэргийн ноцтой байдлыг авч үзээд мэргэжлийн өндөр төвшинд шийдэж байна гэсэн үг. Гэхдээ цаашаа хяналтын шатны шүүхээр шийдүүлэх боломж нь нээлттэй байх ёстой. Ийм практик олон улсад байдаг.
-Шүүгчийн нээлттэй сонсголын үеэр энэ асуудал яригдсан. Тэгэхэд өөрийн эрхгүй анхаарал татаж, танаас лавласан юм.
-Сонирхолтой сэдэв. Гэхдээ яг ямар шатандаа судлагдаж байгааг сайн мэдэхгүй байна.
-Шүүгч нар Шүүхийн тухай хуулиар нөлөөллийн мэдүүлэг мэдүүлж байгаа. Гэтэл надад нэг зүйл сонин санагдсан. Энэ нь тухайн хэрэг маргаанаа шийдүүлэх гэж байгаа этгээд ямар нэг байдлаар шүүгчтэй холбогдвол шүүгч өөрөө сайн дураараа нөлөөллийн мэдүүлэг бөглөнө гэж хуульд заасан. Тэгвэл сайн дураараа, бас үнэн бичсэн эсэхийг хэн хянах юм бэ?
-Сайн дураараа бичиж байна. Бүр мэдүүлэг бөглөх шүүгч нарын тоо нь олширч байна. Яг хэчнээн шүүгч нөлөөллийн мэдүүлэг бичсэн нарийн тоо би хэлж мэдэхгүй байна. Он гарснаас хойш 20-иод шүүгч нөлөөллийн мэдүүлэг бичсэн байх. Энэ мэдүүлгийг нь ШЕЗ хурлаараа авч хэлэлцээд холбогдох байгууллагаар шалгуулдаг журамтай. Энэ дагуу эрүү, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тохиолдол ч бий. Энэ бол маш сайн зүйл заалт болсон.
Өөрөөр хэлбэл, хэрэг маргааныг нь шийдэх гэж байгаа шүүгчийг хоолонд оръё гэж урина. Эсвэл утсаар эсвэл мессэжээр дарамтална, бүр сүрдүүлнэ. Зарим нь хээл хахууль санал болгоно. Тэрийг нь шүүгч нар баримтуулаад бидэнд ирүүлдэг.
-Эсрэгээрээ хэргийн холбогдогчтой холбогдсон атлаа нөлөөллийн мэдүүлэг бөглөөгүй шүүгч бий юү?
-Тэрийг бид мэдэх боломжгүй.
-Энэ заалт албан тушаалтнуудад хамаарч байгаа юу. Эсвэл хэргийн холбогдогч гэсэн өргөн агуулгаараа байгаа юу?
-Хэргийн холбогдогч гэдэг утгаараа хуульд тусгагдсан.
-Та чуулганы үеэр шүүгчийг тэтгэвэрт гарах процесс хуулийн хүрээнд зөрчилдөөнтэй байгаа гэж ярьсан. Т.Аюурсайхан гишүүнээс эхлээд цөөнгүй гишүүд "Өөрийнх нь хүсэлтээр, эсвэл сонгуульд нэр дэвших, нас барсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд шүүгчийг чөлөөлөх боломжтой юм байна. Бусдаар бол нэгэнт томилогдсон шүүгчийг чөлөөлөх ямар ч боломжгүй" гэж байсан. Та үүнийг тайлбарлаад өгөөч. Үнэхээр ийм зохицуулалттай байгаа юм уу?
-Шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд хугацаагүй томилдог. Магадгүй 5, 10 жил гээд хугацаа заавал сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Энэ утгаараа шүүгчийн тэтгэвэрт гарах хугацаа 60 нас гэж хуульд заасан. Энэ хүртлээ шүүгч хүн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадаж байвал ажиллах л болно. Тэгж байж шүүгч хараат бусаар, шударгаар шийдвэр гаргаж, үүндээ итгэл үнэмшилтэй байх баталгаа хангагдах юм. Энэ утгаараа томилгооны баталгаа шүүгчийн хувьд маш чухал заалт. Хэрвээ тэтгэврийн 55 нас хүрээд өөрөө хүсэлтээ гаргавал чөлөөлөх бүрэн боломж бий. Гаргахгүй бол ажлаа үргэлжлүүлэн хийнэ.
-Шүүхийн тухай хуулийн 40.2.9-т тэтгэврийн насны дээд хязгаарт хүрсэн бол чөлөөлөх үндэслэл болно гэж заасан.
-Тэр дээд хязгаар нь 60 нас. Тэтгэвэрт гарах тухай яригдвал 60 гэдэг тоог ярина. Үүнээс өөр аргагүй.
-Гэхдээ та гишүүдэд тэгж хэлэхгүй байсан шүү дээ?
-55 нас хүрээд тэтгэвэрт гарна гэдэг бол шүүгч нар "харамсалтай". Тиймээс л 55 хүрээд тэтгэвэртээ гарч болно шүү гэдэг боломжийг хуулиар олгож байгаа юм. Гэхдээ таны асуусан асуултын өнцгийг ойлголоо. Шүүхийн тухай хуульд шүүгчийн болон түүний гэр бүлийн нийгмийн баталгаа гэдэг дотор нэг заалт бий. Тэр нь шүүгч 55 нас хүрсэн, 30-аас дээш жил ажилласан бол тэтгэвэр тогтоолгоно гэсэн заалт. Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэглэх гэхээр хуулийн хүрээнд боломж хязгаарлагдмал байгаа юм.
-Яагаад?
-Шүүгч 55 нас хүрсэн, 30-аас дээш жил ажилласан бол тэтгэвэрт гар гэдэг нь нийгмийн баталгаа мөн үү. Бодоод үз дээ. Яах вэ, ШЕЗ-өөс хуульд ингэж заасан байна гээд тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдэж болно. Гэтэл хуульд тэтгэвэр тогтоолгоно гэж заасан. Энэ заалт бол тухайн шүүгч хүнд хандсан заалт байхгүй юу. Тэгэхээр шүүгч өөрөө тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгөөр, тэтгэвэр тогтоож, чөлөөлөх асуудлыг ШЕЗ дангаараа шийдэхгүй.
ШЕЗ-ийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч шийддэг. Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчийг чөлөөлөх санал хүргүүлэх үндэслэлийг заасан байдаг. Энэ үндэслэл дотор бидний яриад байгаа энэ үндэслэлийг тусгаж өгөөгүй. Тэгэхээр нэг хуульд тусгасан хэм хэмжээнүүд зөрчилтэй байгаа биз дээ. Энэ зөрчлийн цаана хүний амьдрал бий. Хүн хүндээ, хамаг залуу халуун насаа шүүх байгууллагын ажил хөдөлмөрт зориулсан хүмүүсийн амьдралыг шийдэх гэж байна. Тэр хүн шүүгчээр 30 жил ажилласан нь, 55 нас хүрсэн нь буруу биш биз дээ. Тиймээс л хуулийн ямар нэг зөрчилгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой учир Дээд шүүхэд тайлбар гаргаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан.
-Дээд шүүхийн тайлбар гарсны дараа л шүүгч нар тэтгэвэрт гарах асуудал цэгцрэх юм байна гэж ойлголоо?
-Тийм. Хэрвээ Дээд шүүхийн тайлбаргүйгээр энэ хуулийг хэрэглэвэл хүн хохироож мэднэ. Эс бөгөөс хуулийг буруу хэрэглэсэн асуудалд орж магадгүй.
-Дээд шүүх тайлбарлаж ч болно, тайлбарлахгүй ч болно. Гэхдээ хариу өгөх хугацаа гэж байдаг билүү?
-Хугацаа заасан хуулийн заалт байхгүй. Тайлбарлаж ч болно, тайлбарлахгүй байсан ч болно. Бүрэн эрхийнх нь асуудал.
-ШЕЗ-ийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндоржийн үед тэтгэврийн насанд хүрсэн шүүгчийг "өчиггүй" гаргаж байсан удаатай. Энэ процесс одоо үргэлжлэхгүй байгаад нь гайхаж асуусан юм. Чуулганы үеэр тэтгэврийн насанд хүрсэн 20 гаруй шүүгч байна. Гэтэл чөлөөлөхгүй байна гэж байсан. Ер нь тэтгэврийн 55-60 нас хүрсэн хэчнээн шүүгч байгаа юм бэ?
-2022 онд 60 нас хүрэх бүх шүүгч нар өөрсдийгөө мэдэж байгаа.
-Хэдэн шүүгч байгаа юм бол?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Тэд, эд гэж тоолоод байх ч асуудал биш. Ямартай ч тэтгэвэртээ гарахаас 120 хоногийн өмнө манайд мэдэгдэх ёстой. Энэ дагуу 30 хоногоос хэтрэхгүйгээр сонгон шалгаруулалт зарлаад нэр дэвшигчийг тодруулах ёстой. Ийм горим тогтоод явж байна. Энэ хүрээнд сонгон шалгаруулалт үе шаттай үргэлжилж байна.
-Миний хувьд харин ч тоолох ёстой асуудал юм шиг. Учир нь Монгол Улсад 699 шүүгч ажиллах ёстой. Гэтэл улсын хэмжээнд ердөө 506 шүүгч байна. Орон тоо нэмье гэхээр цалингийн сан алга гэсэн. Хэрвээ цалингийн сан байдаггүй юм бол тэтгэвэрт гарах болсон шүүгч нарыг чөлөөлж араас нь залуу боловсон хүчнийг оруулах ёстой биз дээ. Гэтэл ийм процессыг хэрэгжүүлэхгүй байх нь шүүх шударга байх зарчмаа хангаж чадахгүй байгаагийн нэг хэлбэр юм биш үү?
-Тийм зүйл байхгүй л дээ. Би түрүүн хэлсэн. Тэтгэвэртээ суух шүүгч 120 хоногийн өмнө манайд мэдэгдэх ёстой гэж. Шүүгч манайд мэдээллээ ирүүллээ. Сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалаа. Ийм л процесс.
-Шүүхийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сард батлагдсан. Хууль батлагдснаас хойш нэг жилийн хугацаанд хэчнээн шүүгч тэтгэвэртээ суусан юм бэ?
-Миний өмнөх ШЕЗ бүрэлдэхүүнгүй байсан. Шинэчилсэн хуулиар байгуулагдсан бүрэлдэхүүн 2021 оны 12 дугаар сарын 9-нөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо долоон сар болж байна. ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтаар сонгогдсон учир процесс удаашралтай явагдсан. Энэ хооронд тэтгэвэрт гарах, сонгон шалгаруулалт гээд олон ажил хойшилсон байсан. Тэр бүгдийг долоон сарын дотор цэгцлэхээр шаргуу ажиллалаа. 2021 оны нэгдүгээр сард Шүүхийн тухай хууль батлагдсаны дараа холбогдох 50 гаруй дүрэм, журам огт хөндөгдөөгүй байсан. Тэдгээрийг баталж, мөрдүүллээ.
Шүүгчийг сонгон шалгаруулалт явуулсан эхний тохиолдол улсын баяр наадмын өмнө явагдсан. Эхний сонсголд нэр бүхий хоёр шүүгч оролцсон. Дараагийнх дээр гурав, дөрвөн шүүгч гэх замаар процесс тасралтгүй үргэлжилнэ.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаа танилцуулахаар шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж байна гэдэг. Гэтэл хөндлөнгийн судалгааны байгууллагаас хийсэн судалгааны хариу эсрэг үр дүн үзүүлдэг. Иргэд шүүхэд итгэхгүй байхад шүүгчийн орон тооны асуудал хэр нөлөөлж байна гэж та үздэг вэ?
-Маш их. Монгол Улсад 699 шүүгчтэй байна, үе шаттай нэмэгдүүлнэ гэж 42 дугаар тогтоолыг 2016 онд баталсан. Үүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Нэг ч шүүгч нэмсэнгүй. Тэтгэвэрт гарвал орон тоог нь нөхөх арга хэмжээ авч ирсэн байх. Шалтгаан нь цалингийн сан байхгүйтэй холбоотой. Цалингийн сан бүрдүүлье гээд Сангийн яаманд хандахаар хуучин сангаар төсөв баталж өгдөг. Ийм л дүр зураг үргэлжилсээр өнөөдөртэй золгосон. Манай бүрэлдэхүүн ажлаа авснаас хойш цалингийн санг нэмэгдүүлэх замаар шүүгчийн орон тоог үе шаттай нэмэгдүүлж шүүхийн ачааллыг бууруулъя гэдэг хүсэлт тавьсаар байгаа. Энэ байр сууриа хатуу хамгаална. Яагаад гэвэл, орон тооны хүрэлцээгүй байдал нь иргэд шүүхийн үйлчилгээ авах боломжид сөргөөр нөлөөлж байна.
Шүүгч нар шүүх хуралд дарагдчихсан, худалч хүнд хавтаст хэрэгтэй танилцах цаг зав хангалттай биш байна. Гэхдээ нөгөө талаасаа ачаалал их байна гээд хариуцлагыг хааж болохгүй. Энэ бол нэг номерын асуудал. Энэ асуудлыг шийдэхийн тулд эргээд л орон тоо, цалингийн сан ярихаас аргагүй. Асуудал ярихаар "Хэмнэлтийн хууль үйлчилж байхад юун их мөнгө вэ" гэнэ. Их мөнгө гээд байгаа зүйл нь 200 шүүгчийн цалин шүү дээ. 200 шүүгч дангаараа ажлаа хийж амжихгүй, туслахтай байж таарна. Тэр 200 туслахын цалинжуулж таарна. Дээр нь өрөө тасалгаа, бичиг цаас хэрэгтэй болно. Өмнө нь энэ асуудлыг ингэж зоригтой танилцуулж, хэлж байсан хүн байгаагүй учир холбогдох албаны зарим хүмүүс цочир хүлээж авч байх шиг байна. Хэдий ийм ч гэлээ, шүүхийн үйлчилгээг иргэдэд шударга, шуурхай хүргэхийн төлөө шүүх байгууллагад ямар нэг аргаар хөрөнгө оруулалт хийхээс аргагүй.
-Н.Лүндэндорж дарга зургаан жил, Э.Батбаяр 2019 оны 11 дүгээр сараас хойш хоёр жил хэртэй ШЕЗ-ийг удирдсан. Тэгсэн атлаа яг энэ асуудал дээр дорвитой ажиллаагүй юм шиг санагддаг. Магадгүй та хожим хойно ингэж дүгнэгдэхгүйн тулд шүүгчийн орон тооны асуудлыг цэгцлэхэд нэлээд далайцтай ажиллах ёстой юм шиг?
-Манай зөвлөлийн зүгээс байж болох бүхий л хэмжээнд асуудал тавина. Шүүх эрх мэдэл гэдэг талаасаа зайлшгүй харах ёстой.
-Шүүх эрх мэдэл гэдгээс урьтаад шүүгчийн орон тоог нэмж байж л шүүх бие даасан хараат бус байх, шүүх шударга байх, иргэд аливаа хэрэг маргаанаа шударга шүүхээр шийдүүлэх эрх бүрэн утгаараа хангагдах ёстой биз дээ?
-Шүүх эрх мэдэл гэхээр эрх мэдлийн тухай ярьж байна гэж иргэд ойлгодог юм билээ.
-Тийм л дээ. Гэхдээ иргэд тэгж ойлгодог учраас ингэж асуусан юм.
-Зөв. Шүүх эрх мэдэл гэдэг бол гүйцэтгэх эрх мэдэл, парламентын эрх мэдлээс хамааралгүйгээр ажиллахыг хэлнэ. Шүүхийг эрх мэдлийн хэмжээнд авч үзэх нь бие даасан, хараат бус байдлыг хангаж буйн нэг хэлбэр.
-Шүүгчийн орон тоо, цалингийн сангийн асуудлаас гадна зарим шүүхийн байрны нөхцөл байдал маш хангалтгүй байдаг юм билээ. Зарим шүүх подвалд хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломж бий юу?
-Би ажлаа аваад хамгийн эмзэглэж хүлээж авсан зүйл нь энэ. ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн ажлаа хүлээж аваад бүх шүүхийн байртай танилцсан. Таны хэлснээр Сүхбаатар дүүргийн шүүх подвалд үйл ажиллагаа явуулж байна. Үнэр танар гэж авах юмгүй. Чийг даасан жижигхэн умгар өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Ганц энэ ч биш. Шүүхэд ажилладаг алба хаагчдын эрх ашгийг хойш тавья гэж бодъё. Гэтэл шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашгийг хойш тавьж болохгүй. Шүүхээр хэн үйлчлүүлдэг вэ. Ихэвчлэн ямар нэг байдлаар эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс үйлчлүүлдэг. Тэдэн дунд өндөр настай хүн ч байна, бие давхар эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч байна. Гэтэл суугаад амарчих сандал байхгүй, агааржуулалт байхгүй гээд маш олон асуудал байдаг. Энэ бүхэн эргээд иргэд шүүхийн үйлчилгээ авах боломжид хүндрэл учруулдаг. Үүнээс гадна маш хэцүү нэг асуудал бий.
-Тэр нь юу юм бол?
-Шүүх байгууллага тусдаа бие даасан байртай байна гэж хуульд заасан. Гэтэл энэ хуулийн заалт өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн удаагүй. Бараг бүх шүүх цагдаа, эсвэл дүүргийн ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол маш асуудал, том сэдэв.
Г.Нацаг-Эрдэнэ
Эх сурвалж: UBN.MN сайт