cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

            Товч агуулга  

 

       Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үеэс хойш тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ зэргийг үндсэн шалгуур болгон “тусгайлан тогтоосон хугацаа өнгөрсөн” тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй, эрүүгийн хариуцлагад татахгүй, түүнчлэн зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой эрүүгийн эрх зүйн зохицуулах зүйлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг.

       2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ бол хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүйгээс бусад гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох шалгуур, үндэслэл, журмыг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой байдлаар нэг мөр хуульчлан тогтоосон. Энэ бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны үндсэн тулгуур хэм хэмжээ мөн. Тус зохицуулалтын утга агуулга, үзэл санаа, зорилго чиглэлийн хувьд өмнөх Эрүүгийн хуулиуд дахь зохицуулалтуудаас илт ялгаатай бөгөөд нийгмийн зүй ёсны шаардлага, эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шинэ бодлого, үзэл баримтлалын бодит илэрхийлэл болсон билээ.                 

       Гэвч 2015 оны Эрүүгийн хууль 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 2017.05.11-ны өдөр 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас гадна дахин 7 хоногийн дараа буюу 2017.05.18-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар : Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэсэн өөрчлөлт нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалттай эсрэгцэх гэхдээ зарчмын ба фундаменталь биш зөвхөн хэлбэрийн төдий “зөрчилдөөний шинж” хийгээд хууль зүйн алдаатай байдал үүсгэжээ.         

Тухайн тохиолдолд “нэг харилцаа”-нд үйлчлэх эсрэгцэх 2 хэм хэмжээ нэгэн цагт нэгэн зэрэг шууд үйлчлэхгүй буюу үнэний шинжийг агуулахгүй, нэг нь үнэн, нөгөө нь худал, гурав дахь утга байхгүй тухай Логикийн хуулиудын үндэслэгээ, мөрдөлгөөг баримтлан хууль зүйн зөв, оновчтой үндэслэгээ хийх зайлшгүй шаардлагатай.

Хууль хэрэглэхэд зөрчилдөөн бүхий тохиолдол үүссэн бол хуулийн тулгуур, нарийвчилсан зохицуулалт, зорилго, зарчим тэдгээрийн утга агуулга, мөн чанарт үндэслэх нь хууль хэрэглээний алтан дүрэм гэж үздэг. Тийм учраас, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл, журмыг тогтоосон Эрүүгийн хуулийн тулгуур ба зөрчилдөөн үүсгэсэн зохицуулалтын аль нь хууль хэрэглээнд шууд үйлчлэх хүчин чадалтай болохыг хууль тайлбарлах онол, арга зүй болон зөрчилдөөн шийдвэрлэх дүрмийн хүрээнд хууль эрх зүйн хангалттай бөгөөд оновчтой үндэслэлээр нотолж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх ёстой. Харин “зөрчилдөөний шинж бүхий байдал” үүссэн гэдгээр шалтаглан хуулийг хэрэглэхээс татгалзах, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй болно.   

Хуулийг зөв тайлбарлан хэрэглэнэ гэдэг нь хууль тайлбарлах арга, техникийг ашиглан хуулийн утга агуулгад рационал үндэслэл, нотолгоотойгоор анализ, синтез хийж, үзэл санаа, зорилго, зарчим, тухайн салбар эрх зүйн хөгжлийн дэвшилтэт үзэл онол, хандлагад хамгийн сайнаар тохируулан тодотгож ойлгох, ойлгуулахыг хэлнэ.                

Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хууль дахь тухайн хоёр хэм хэмжээний аль нь үндсэн тулгуур хийгээд Эрүүгийн хууль хэрэглээнд хүчин төгөлдөр шууд үйлчлэл үзүүлэх талаар хууль зүйн хүрээнд харьцуулсан шинжилгээ, тайлбар, дүгнэлт хийж, үзэл бодлоо мэргэжил нэгт нөхөдтэй хуваалцах, олон талаас нь хэлэлцэхийг эрмэлзэв.                             

 

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тулгуур зохицуулалт        

 

Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний чиг үүрэг, зохицуулалтын аргын тусгай шалгуураар Эрүүгийн хуулийн аливаа хэм хэмжээ буюу эх бичвэрийн утга агуулга  тодорхой, ойлгомжтой, нарийвчлагдан системчлэгдсэн бөгөөд шууд үйлчлэх хатуу нөхцөл бүхий императив буюу заавал биелэгдэх хүчин чадалтай байх шаардлага онцгойлон тавигддаг.          

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:“ гэсэн хэм хэмжээ[1] бол гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох шалгуур, үндэслэл, журмыг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой байдлаар хуульчлан тогтоосон үндсэн тулгуур бөгөөд шууд үйлчлэх, заавал биелэгдэх хүчин чадалтай хэм хэмжээ мөн. Үндэслэл :     

            

1. Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хуульчлан тогтоохдоо “гэмт хэрэг үйлдсэн цаг үеэс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байх” цаг хугацааны хязгаарыг үндсэн шалгуур болгож, хэрэв тухайн тодорхой хязгаар бүхий буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татахгүй, харин тухайн хөөн хэлэлцэх хугацааных нь дотор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татсан буюу мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн л бол тус хөөн хэлэлцэх хугацаа цааш дахин үргэлжлэн тоологдохгүй болохыг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой байдлаар нэг мөр тусгайлан тогтоосон.           

Эрүүгийн хуулийн түүхэн эх сурвалжуудад[2] “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн эрүүгийн хариуцлагад татах хүртэл тоолох”-ыг хоёрдмол утгагүйгээр нэг мөр тусгайлан тогтоосон байдаг. Тухайлбал : 1926 оны шүүх цаазын бичгийн 28 дугаар зүйл, 1929 оны шүүх цаазын бичгийн 24 дүгээр зүйлд  “аливаа гэмт явдал үйлдсэн хүн мэдэгдсэн үгүй явсаар дор дурдсан хугацааны дотор гэм /тийм гэмт явдал/ үл гаргаваас ялыг үл хэлэлцэнэ” гэж, 1934 оны шүүх цаазын бичгийн 8 дугаар зүйлд ”гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол шүүх цаазын ёсоор хөөн байцааж үл болно” гэж, 1942 оны Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол Эрүүгийн хуулийн ёсоор хөөн шийтгэж үл болох буюу он удаж мэдэгдээгүй хэрэгт үзэж, он улирсан явдлыг хэрэглэнэ” гэж, 1961 оны Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйл, 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйл, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:” гэж тус тус утга агуулга ижил байдлаар зохицуулсан.      

Тус түүхэн эх сурвалжуудад, хөөн хэлэлцэх хугацааны тулгуур зохицуулалтаас тусад нь “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн үеэс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн хуульчилсан тайлбарын шинжтэй хэм хэмжээ байгаагүй нь хөөн хэлэлцэх хугацааны тулгуур зохицуулалтын утга агуулга нь тодорхой, нэг мөр бөгөөд маргаангүй болохыг бодитой илэрхийлсэн гэж үзнэ.                

“Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэснийг :       

- “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд яллагдагчаар татагдсан (ял  сонсгосноор) үе хүртэл тоолох ёстой”,   

- “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах хүртэл буюу шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарах хүртэл тоолох ёстой“ гэсэн 2 өөр утга агуулгаар тайлбарлан ойлгож, хэрэглэх хандлага байсан байх боловч өргөн агуулгаар нь хэрэглэх нийтлэг практик, онолын тайлбар байжээ.[3]     

Тодруулбал, эрүүгийн хариуцлагад татах гэдэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх өргөн утга агуулгатай асуудал тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох утга агуулгаар тайлбарлагдан, Эрүүгийн хууль хэрэглээний практикт хэвшиж тогтсон[4] ойлголт байсан билээ.                                                           

Харин 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн үеэс эрүүгийн хариуцлагад татах хүртэл тоолох” өмнөх Эрүүгийн хуулийн хуучин зохицуулалтыг бүрэн шинэчилж, “гэмт хэрэг үйлдсэн үеэс яллагдагчаар татах хүртэл тоолох”-оор илүү нарийвчлан тогтоосон нь зарчмын хувьд өмнөх хуучин зохицуулалтаас илтэд ялгаатай бөгөөд Эрүүгийн хуулийг шинэтгэх талаарх төрийн бодлого, зохицуулалт, түүний хэрэгжилтийн бодит илэрхийлэл болсон.      

Эдүгээ ихэнх улс орнууд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “хэзээнээс эхлэн аль үе хүртэл тоолох” талаарх Эрүүгийн хуулийн бодлого, зохицуулалтаа улам бүр нарийвчилж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн тоолж, харин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээр цааш тоолохгүйгээр шууд зогсох (гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авснаар; сэжигтэн эсхүл яллагдагчаар татсанаар; яллах дүгнэлт үйлдсэнээр; яллагдагчийг шүүхэд шилжүүлсэнээр гэх мэт) утга агуулгаар хуульчлах болсон нь тус салбар эрх зүйн хөгжлийн нийтлэг хандлага болжээ.

Тухайлбал, Герман, Итали, Испани, Швед, Норвеги, Польш, Болгар, Румын, Турк, Швейцар, Бразил, Эстони, Мехсик зэрэг 30 шахам оронд гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлээд уг хэргийг мөрдөж эхлэх үе хүртэлх хугацааг авч үздэг.[5]          

2015 оны Эрүүгийн хуулиар тийнхүү гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолох”-оор тогтоосон тухайн шинэчлэлийн бодлого, үзэл санаа, зохицуулалтын утга агуулга нь гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн харицлагын зорилго, хэрэгжилтийг бодитой бөгөөд гарцаагүй хангах, мөн улс, нийгмийн үнэт зүйлс, нийтлэг эрх ашигт ноцтой хохирол, хор уршиг учруулсаар буй нуугдмал гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүссэн тулгамдсан асуудал, олон нийтийн зүгээс тавьж буй зүй ёсны шаардлага хийгээд орчин цагийн Эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэхэд чиглэгдсэн дэвшилтэт бодлого, шийдэлд хамаарч байна.           

Мөн манай Улс нэгэнт нэгдэн орж, соёрхон баталсны хувьд Олон Улсын хэм хэмжээгээр хүлээсэн үүргийн хүрээнд зарим тодорхой төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх эсхүл хөөн хэлэлцэх урт хугацаа тогтоох үүргээ биелүүлэх ёстой тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааных нь дотор яллагдагчаар татсан л бол эрүүгийн хариуцлагыг гарцаагүй хангахаар зохицуулсан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны бодлого, зохицуулалтаа Олон Улсын хэм хэмжээ[6], Эрүүгийн эрх зүйн хөгжлийн жишиг,  хандлагатай уялдуулахад чиглэсэн “алхам” болсон гэж үзэх үндэслэлтэй юм.         

2. 2015 оны Эрүүгийн хуулийн төслийн эх бичвэр, үзэл баримтлалд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааных нь дотор яллагдагчаар татсан” л бол хөөн хэлэлцэх хугацааг дахин үргэлжлүүлж тоолох утга агуулга, үндэслэл байгаагүй, хуульчлагдаагүй.   

Хуулийн эх бичвэрийг тухайн хуулийн утга агуулга, үзэл санааг тодорхойлох хамгийн үндэслэлтэй нотолгоо гэж үздэг.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр анх баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эх бичвэрт : “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:“ гэж зааснаас гадна мөн зүйлийн 2 хэсгийн эх бичвэрт [7]: “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно” гэж тодотгон тусгасан нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хэм хэмжээний утга агуулга, үзэл санааг тодотгож тайлбарласан хууль зүйн шинжийг бодитой илэрхийлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн шинэ хуулиар “өмнөх Эрүүгийн хуулиуд дахь эрүүгийн хариуцлагад татах хүртэл тоолох” зохицуулалтыг “яллагдагчаар татах хүртэл тоолох”-оор илүү нарийвчлан тогтоосон нь тогтоогдож байх тул тухайн тайлбарын шинжтэй хэм хэмжээнээс үл хамааран яллагдагчаар татагдсан (ял  сонсгосноор) үе хүртэл тоолох утга агуулга, үндэслэл, журамд эргэлзээ, маргаан үүсэхгүй болно.      

Мөн Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны эх бичвэрээс давж үйлчлэх утга бүхий  2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн [8] : “Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно” гэх хэм хэмжээ, тус хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд Эрүүгийн процессын хуулийг дагалдах хуулийн журмаар 2017.05.18-ны өдөр өөрчлөлт оруулсан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 хэсэг дэх : “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээг тус тус нэгэн зэрэг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуульд дахь хөөн хэлэлцэх хугацааны эх бичвэр, үзэл санаа батлагдсан цагаасаа хууль зүйн хүчин төгөлдөр болохыг эргэлзээгүйгээр давхар нотолсон.             

3. “Хөөн хэлэлцэх хугацааны хэм хэмжээ”-ний тулгуур зохицуулалтыг тодорхойлох шалгуурт “зайлшгүй хэрэгжих процесс”-ын үндэслэл, баталгаатай эсэх асуудал багтана.             

“Зайлшгүй хэрэгжих процесс”[9] бол материаллаг хуулийн хэрэгжилтийг бодитой хангах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатууд хэрэгжих агуулга, хэлбэр, дарааллыг нарийвчлан, зөв журамлахад хамаарах зарчмын шинжтэй асуудал юм.                 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-ны дотор яллагдагчаар татсан л бол хөөн хэлэлцэх хугацааг цааш дахин үргэлжлүүлэн тоолохгүй байх хэм хэмжээ нь Эрүүгийн процессын хуулийн давхар үндэслэл, баталгаатай.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан хэм хэмжээний утга агуулга, үндэслэл нь : Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахгүй, ”гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно, харин Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааных нь дотор яллагдагчаар татсан л бол хөөн хэлэлцэх хугацаа цааш дахин үргэлжлэн тоологдохгүйгээр шууд зогсох буюу Эрүүгийн хуульд дахь хөөн хэлэлцэх хугацааны тулгуур зохицуулалтын утга агуулга, үзэл санааг давхар нотолж буй хууль зүйн үндэслэл, нотолгоо болно.        

4. Өмнөх 1926, 1929, 1934, 1942, 1961, 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудын хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүртэл тоолох утга агуулга, үндэслэлийг илэрхийлж байсан тул Эрүүгийн хуульд “эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” зохицуулалттай байсан[10], харин 2015 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хуульчлагдаагүй нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар : “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-ны дотор яллагдагчаар татсан л бол хөөн хэлэлцэх хугацаа цааш дахин үргэлжлүүлэн тоологдохгүй буюу шууд зогсох үндэслэл, утга агуулгыг болон хөөн хэлэлцэх хугацааны шинэ ба хуучин Эрүүгийн хуулийн зохицуулалтын зарчмын ялгааг мөн нотлон илэрхийлнэ.      

 

Тулгуур зохицуулалттай эсрэгцэх зөрчилдөөний шинж бүхий хэм хэмжээ 

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тулгуур бөгөөд нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний хүчин чадлыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд батлагдсан цагаасаа Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлгүй болохыг дараах шалгуур, үндэслэлийн хүрээнд дүгнэж байна.       

 

Шалгуур 1. Хууль зүйн болон бодит байдлын алдаа  

 

Хууль тогтоох эрх мэдэл нь Үндсэн хуулийн хэл, хил хязгаар буюу Үндсэн хуулиар тогтоосон, баталгаажуулсан нийтлэг эрх ашиг, үнэт зүйлс, зарчим, бусад цогц хэмжээсийн утга агуулга, шалгуур шаардлагын хүрээнд хэрэгжих ёстой.     

Дворкин : Эрх зүй бол интегрити. Интегрити нь нэг талаар “эрх зүй бол зарчмын хувьд авцалдаатай” гэдгийг хадгалж, хууль тогтоомж бүтээхийг эрх зүйг бүтээгчдээс  шаарддаг, нөгөө талаар “эрх зүйг мөн л ийм авцалдаатай гэж харж сахиулах”-ыг эрх зүй гэж юу вэ гэдгийг шийдвэрлэх хариуцлага хүлээгчдээс шаарддаг. Эхнийхийг хууль тогтоомж дахь интегритийн зарчим, хоёрдахийг шүүн таслан ажиллагаа дахь интегритийн зарчим гэж нэрлэсэн[11]

Аквинис : Хуулийн хүч чадал нь түүний зүй ёсны эсэхээс хамаарна. Хэрэв хууль нь нийтийн сайн сайханд бус харин хууль тогтоогчийн эрх хэмжээнээс гадуур батлагдсан бол, эсхүл нийгэмд үүрэг, хариуцлагыг тэгш бусаар хуваарилсан бол ийм хууль нь зүй бус...[12]    

Хууль бүтээх ажиллагааны алдаа : В.М.Баранов “Хууль бүтээх ажиллагааны нийгэм ба хууль зүйн тааламжгүй үр дүнг үүсгэсэн алдааг хууль тогтоох байгууллагын шударга төөрөгдлийн улмаас хийсэн буруу үйлдэл”. А.Б.Лисюткин “Эрх зүйн хэм хэмжээ бүтээх субъектийн урьдчилан төлөвлөсөн болон урьдчилан төлөвлөөгүй үйлдлээр нөхцөлдсөн өндөр чанартай эрх зүйн акт батлах, үр нөлөөтэй ажилд саад тотгор болсон сөрөг үр дагавар юм” гэж үзсэн байдаг.[13]   

Хууль тогтоомжийн тухай хууль[14]-д хууль тогтоомжийн төсөл санаачлах, боловсруулахаас эхлэн батлах үйл явцад хууль зүй, бодит байдлын алдаа гаргахгүй байхад чиглэгдсэн шалгуур, шаардлага, үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан.         

2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ, 2017.05.18-ны өдөр Эрүүгийн процессын хуулийг “дагалдах хууль”-ийн журмаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг хэлэлцэн батлах явцад үүссэн хууль эрх зүйн маргаан, зөрчилдөөн бүхий асуудлууд :  тухайлбал,         

- Эрүүгийн хуулийн 1.10-т заасны дагуу нэгэнт л ял сонсгон, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол цаашаа хэргийг ердийн журмаар шалгахаар зохицуулагдсан, гэхдээ мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа зогсдоггүй байдлаар хэргийг шалгаж дуусгах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулах тухайд холбогдох томьёолол [15],     

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал дээр дахиад ажил...Ингэж болохгүй. Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэргийг нь түдгэлзүүлж байгаад олж авсан цагтаа хэзээ ч хамаагүйгээр шийтгэж байх ёстой...Ингэж хуулиар гэмт хэрэг үйлдэхийг зөвшөөрч болохгүй [16]

- Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар...хөөн хэлэлцэх хугацааг бүр мөсөн байхгүй болгож...байна [17],

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн саналын томьёололтой хамтдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дагаж нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Яагаад ингэж орж байгаа вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа бүх төрлийн хэрэг дээр тодорхой хугацаанд зогсох, тасрах гэсэн ийм ойлголтууд байдаг [18],   

- Энэ хөөн хэлэлцэх хугацааны асуудал маш нарийн журамлагдахгүй бол яг энэ зохицуулалтаар шийдэгдэж, бүрэн дүүрэн зохицуулж чадаж байна уу үгүй юу гэдэг ийм асуудал байгаа...Ер нь нарийн судалгаа шинжилгээ хийж, хэрвээ онгорхой цоорхой үлдсэн бол бөглөж таглах арга хэмжээгээ сайн авахгүй бол болохгүй [19],  

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахын тулд тус хуулийг дагалдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт [20], мөн Эрүүгийн ба Эрүүгийн процессын хууль, эрх зүйн онолын үндэс, түгээмэл зарчим, нийтлэг практик жишиг  зэргийг харьцуулан судлахад тухайн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээ болон Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь зарим талаар хууль зүйн бодлого ба техник, бодит байдлын алдаатай болох нь үгүйсгэгдэхгүй байна. Үндэслэл :                                          

1. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ нь “Эрүүгийн хуулиас давж үйлчлэх” утга агуулга бүхий Эрүүгийн процессын хэм хэмжээнд үйлчлэх зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хуулийг дагалдаж гарсан хэм хэмжээ байх тул Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэл үзүүлэх үндэслэлгүй.                

1.1. Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлийг үгүйсгэх буюу Эрүүгийн хуулиас давж үйлчлэх Эрүүгийн процессын зохицуулалт байх ёсгүй.  

2015.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт [21] : “Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно” гэсэн зохицуулалтын утга, агуулга нь мөрдөн байцаалтын хугацааг шууд тогтоох биш харин эсрэгээр “хөөн хэлэлцэх хугацаа”-г яллагдагчаар татсанаас хойш “угсруулан” үргэлжлүүлж  тоолох, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох “санаан зорго”-ын шинжтэйгээр хуульчлагдсан байх тул Эрүүгийн хуулиас давж үйлчлэх үндэслэлгүй.    

Эрүүгийн хууль бол материаллаг суурь хууль, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх (эрүүгийн процессын) тухай хууль бол Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг нэг мөр, шударгаар хангахад чиглэгдсэн процесс ажиллагааны дэг журмын цогц бөгөөд Эрүүгийн хуулиар тусгайлан зохицуулах харилцааг Эрүүгийн процессын хуулиар зохицуулах үндэслэл, журам огт байдаггүй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүр зохих агуулга, хэлбэр, дараалал, цаг хугацааны хүрээнд явагдах ёстой ба энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолох үндэслэл, утга агуулга биш гагцхүү  Эрүүгийн хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны үндэслэл, журмын хүрээ хязгаарт хатуу захирагдах ёстой. Энэ бол Эрүүгийн ба эрүүгийн процессын эрх зүйн онол, зарчим, бодлого, зохицуулалтын мэдээжийн буюу үл маргах асуудал болно.     

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл, журмыг хоёрдмол утгагүйгээр нарийвчлан тогтоосон Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний эх бичвэр, бодлого, үзэл санааны хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг “угсруулан” үргэлжлүүлж тоолох үзэл санаа, үндэслэл, журам огт байгаагүй, хуульчлагдаагүй.             

Мөн Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс [22] болон Эрүүгийн процессын хуулийн түүхэн эх сурвалжууд : 1926, 1929, 1935, 1949, 1963, 1994, 2002 оны хуулиуд[23]-с үзэхэд  ч мөрдөн байцаалтын хугацаа бол Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөрчихгүйгээр, түүнд захирагдмал байдлаар хэрэгжих “тусдаа хугацаа”, харин мөрдөн байцаалтын хугацааны зохицуулалт дотор Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаас давж үйлчлэх буюу “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолох үндэслэл, журам”-ыг огт хуульчлах ёсгүй байдаг.        

Тодруулбал, Эрүүгийн процессын хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолохыг тогтоох хууль зүйн бодит үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааных нь дотор гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах, хянах буюу хянан шийдвэрлэх тодорхой хугацааг ялгаа заагтайгаар нарийвчлан зохицуулах ёстой байдаг гэсэн үг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэм хэмжээ нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын хэрэгжилтийг “зөв, шударга процесс”-оор хангахад чиглэгдсэн буюу Эрүүгийн процессын хууль гагцхүү Эрүүгийн хуулийн хамаарах зохицуулалтад захирагдмал шинжийг нотолж байгаа болохоос гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн процессын хуулиар тогтоосон утга агуулга, үндэслэл огт биш болно.    

Иймд Эрүүгийн процессын хуульд “хөөн хэлэлцэх хугацаа”-г мөрдөн байцаалтын шатнаас дахин угсруулж буюу үргэлжлүүлэн тоолох утга агуулга бүхий зохицуулалт оруулсан нь хууль эрх зүйн хүрээнд огт хүлээн зөвшөөрөгдөхгүй, харин “хууль зүйн болон бодит байдлын алдаа”-тай шийдэлд хамаарах үндэслэлтэй байна.   

1.2. Хуулийн хүчин чадал, бүхэллэг байдал буюу нийцэл, зохицлын шинжийн  хувьд Эрүүгийн материаллаг ба процессын хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, нийцэл, зохицол илтэд зөрчигдсөн.       

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тулгуур, нарийвчилсан зохицуулалт нь гагцхүү Эрүүгийн хууль учраас тус хуулийн зохицуулалтаас давж үйлчлэх бус харин түүний хэрэгжилтийг шударгаар хангах нь Эрүүгийн процессын хуулийн чиг үүрэг тул Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтад захирагдмал буюу Эрүүгийн хуулийг дагалдаж гарах, нэмэлт өөрчлөлт оруулах хууль бол Эрүүгийн процессын хууль байх ёстой.  

Гэтэл 2017.05.18-ны өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ нь :    

- 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх [24] Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн утга агуулга бүхий процессын хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлагдах явцад “дагалдах хууль”-ийн журмаар батлагдсан [25], мөн     

- тус Эрүүгийн процессын болон түүнийг дагалдах Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь бүхэлдээ Эрүүгийн эрх зүйн онол, Эрүүгийн хуулийн зохицуулалт, нийтлэг жишигт огт нийцэхгүй тул Эрүүгийн хуулийн “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-ы талаарх тулгуур зохицуулалтын хүчин чадал, шууд үйлчлэлийг үгүйсгэх үндэслэл болж огт чадахгүй бөгөөд батлагдсан цагаасаа хууль хэрэглээнд хүчин төгөлдөр үйлчлэл үзүүлэх үндэслэлгүй болно.    

1.3. 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тухайн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны тулгуур зохицуулалтын хэрэгжилтийг нэг мөр хангах процессын тулгуур баталгаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтыг давж үйлчлэх хүчин чадалгүй. 

Материаллаг хуульд процессын хууль захирагдах, нийцэх ёстой. Дэгийн болон нотолгооны журам, түүнд оруулах нэмэлт өөрчлөлт болон аливаа журам нь энэхүү Дүрэмд нийцэх ёстой. [26] 

Эрүүгийн процессын хэм хэмжээ харилцан зөрчилдөөн бүхий тохиолдолд Эрүүгийн хуулийн тулгуур зохицуулалтад нийцсэн, түүний хэрэгжилтийг нэг мөр, шударгаар хангахад чиглэгдсэн нарийвчилсан зохицуулалт нь хууль зүйн давуу хүчин чадалтай байх тус шалгуур шаардлагыг 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх тухайн хэм хэмжээ огт хангаагүй гэж үзнэ.     

1.4. Эрүүгийн хуулиас давж үйлчлэх тухайн процессын хэм хэмжээ ба түүний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санаа бүхий Эрүүгийн процессын хуулийн дагалдах хэм хэмжээ буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар 2 дахь хэсэгт оруулсан тухайн өөрчлөлтийн хооронд хууль зүйн нийцэл, зохицлын хамааралт шинжгүй, харин дотоод зөрчилдөөнтэй, уялдаа  холбооны авцалдаагүй болох нь тодорхой байна.     

Энгийнээр үлгэрлэвэл : Эрүүгийн хөнгөн эсхүл хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан, дахин хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёсгүй.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно” гэх Эрүүгийн хуулиас давж үйлчлэх хэм хэмжээний дагуу мөрдөгч хөөн хэлэлцэх дахин үргэлжлүүлж тоолоод “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, харин тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго бүхий Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэх зохицуулалтаар өмнөх мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосныг дахин хүчингүйд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацааг дахин үргэлжлүүлж тоолох гэх зэргээр тус Эрүүгийн процессын хэм хэмжээ, түүнд үйлчлэх дагалдах хэм хэмжээ бүхэлдээ Эрүүгийн материаллаг хуулийн тулгуур зохицуулалтыг зөрчсөн төдийгүй дотоод зөрчилдөөнтэй болох нь илэрхий байна.    

1.5. Дээд эрэмбийн материаллаг хэм хэмжээг зөрчсөн, дотоод зөрчилтэй, утгагүй бөгөөд хууль бус үр дүнд хүргэх хийсвэрлэлийн шинжтэй Эрүүгийн процессын хэм хэмжээ, түүний дагалдах хэм хэмжээ бүхэлдээ Эрүүгийн ба Эрүүгийн процессын хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байх бодит үндэслэлгүй.        

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх тухайн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн утга агуулга бүхий Эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хэм хэмжээг дагалдаж гарсан хэм хэмжээ байх тул тухайн Эрүүгийн процессын хэм хэмжээний шинж, бүтцийн хүрээнд хамааралт шинжийг агуулсан, харин материаллаг хэм хэмжээний шинж, хүчин чадалгүй гэж үзэх үндэслэлтэй болно.         

2. 2017.05.18-ны өдөр тус тус баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэм хэмжээ, түүний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт оруулсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн өөрчлөлтийн “цаад санаа” нь хуучин Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буцаан сэргээхэд чиглэгдсэн болохыг үгүйсгэх боломжгүй боловч тийнхүү хуульчлахдаа хууль зүйн бодлого ба техник, зохицуулалтын хувьд алдаа гаргасан гэж үзэхээр байна.    

Зүй нь “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэснийг “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж өөрчилсөн бол харин хууль зүйн бодит байдлын алдаа үүсэхээргүй байсан гэж үзнэ.         

2017.05.18-ны өдөр тус тус баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ, тус хэм хэмжээний  хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд дагалдах хуулийн журмаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь бүхэлдээ Эрүүгийн ба Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс, нийтлэг жишиг, хууль бүтээх хууль эрх зүйн үндэс, түгээмэл жишигт хүлээн зөвшөөрөгдөхгүй төдийгүй хууль зүйн бодит үндэслэл, судалгаанд тулгуурласан шинжгүй болох нь илэрхийлэгдэж байх тул хууль зүйн ба бодит байдлын алдаатайд  тооцогдох үндэслэл бүрдсэн.                                    

Мөн 2020.01.10-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар [27] : 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх ”Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно” гэснийг “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй...гэж, харин 2020.01.10-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар[28] : 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэснийгГэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус өөрчлөлт оруулсан буюу анхны утга агуулыг бүхэлд нь хүчингүй болгосон нь 2017.05.18-ны өдөр батлагдсан тухайн Эрүүгийн процессын хэм хэмжээ, түүний дагалдах хэм хэмжээ буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь бүхэлдээ батлагдсан цагаасаа хууль зүйн алдаатай байсныг давхар нотолсон баримт болно.          

3. 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2017.05.18-ны өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар 2 дахь хэсгийн өөрчлөлтөд үүссэн тухайн хууль эрх зүйн буюу бодит байдлын алдааг мушгин гуйвуулж зөвтгөх замаар хэрэглэх үндэслэлгүй.        

Мөн Олон Улсын эрх зүйн эх сурвалж[29]-д зааснаар, хэрэв бодит байдлын ба эрх зүйн алдаа нь гэмт хэргийн заавал байх субьектив талыг үгүйсгэснээс бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүйг баталгаажуулсан байдаг.                  

Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэсэн хэм хэмжээ нь батлагдсан цагаасаа одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацааг тоолох тулгуур бөгөөд нарийвчилсан зохицуулалт”-ын хүчин төгөлдөр үйлчлэлийг үгүйсгэх буюу давж үйлчлэх үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээнд хууль зүйн бодит үйлчлэл үзүүлэхгүй болно.     

 

Шалгуур 2. “Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ шууд үйлчлэх хатуу нөхцөл бүхий императив хэм хэмжээ” байх шалгуур шаардлага 

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх : “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ тус шаардлагыг огт хангахгүй. Үндэслэл :                  

1. Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг утгажуулж, амьд үйлчлэлтэй болгож буй үндсэн шинж бол “хугацааны хязгаар” бөгөөд хугацааны хязгааргүй л  бол шууд үйлчлэлгүй, утгагүй хийсвэрлэл болно.   

Эрүүгийн хуулиар тусгайлан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж тогтоосноос бусад тохиолдолд “гэмт хэрэг үйлдсэн цаг үеэс хойш тодорхой хугацааны шалгуур, хязгаар”-гүйгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль зүйн үзэл баримтлал, үндэслэл 2015 оны Эрүүгийн хуульд огт байдаггүй бөгөөд энэ нь мэдээжийн буюу үл маргах асуудал юм.         

2. 2015 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татсанаас хойш дахин угсруулан” үргэлжлүүлж тоолох эх бичвэр, үзэл санаа, анхнаасаа байгаагүй буюу тийм байдлаар хуульчлагдах бодит үндэслэлгүй  бөгөөд тийм үндэслэл, утга агуулгатай мэт мушгин гуйвуулж, санаан зоргоор буруу тайлбарлах, хуулийг буруу хэрэглэх боломжгүй.       

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолох”-оор тогтоосон нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлэгдсэн бодлого,  зохицуулалтын утга агуулга, үзэл баримтлалын бодит илэрхийлэл болох тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн хэм хэмжээ өөр хоорондоо огт уялдаа холбоогүй гэж үзнэ.       

Мөн 2017.05.18-ны өдөр тус тус баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тус процессын хэм хэмжээний хэрэгжилтийг хангах дагалдах хуулийн журмаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь бүхэлдээ Эрүүгийн ба Эрүүгийн процессын эрх зүйн онолын үндэс, нийтлэг жишиг, хууль бүтээх хууль эрх зүйн үндэс, процедур, түгээмэл практикт огт хүлээн зөвшөөрөгдөхгүй төдийгүй тухайн хэм хэмжээг бүхэлд нь нэгэн зэрэг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн хэм хэмжээ өөр хоорондоо огт уялдаа холбоогүй буюу тус хэсэг бүр нэгэн зэрэг дараалан үргэлжилж үйлчлэх үндэслэлгүйг давхар нотолсон.             

3. Эрүүгийн хууль, эрх зүйн онолын үндэс, Эрүүгийн хуулийн түүхэн уламжлал, нийтлэг жишиг [30], 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалын хувьд ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Эрүүгийн хуулиар тусгайлан тогтоосон “хугацааны шалгуур буюу хязгаар”-ээр, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг “угсруулан” үргэлжлүүлж тоолох хууль зүйн бодит үндэслэл огт байхгүй болно.     

4. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх тухайн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн утга агуулга бүхий Эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хэм хэмжээг дагалдаж гарсан хэм хэмжээ болох нь тогтоогдсон учраас Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ, онол, зарчимд огт үндэслэгдээгүй, харин Эрүүгийн процессын хэм хэмжээний шинж, бүтцийн хүрээнд хамааралт шинжийг агуулсан гэж үзнэ.        

5. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх тухайн хэм хэмжээ нь хэрэгжих Эрүүгийн процессын зохицуулалт, баталгаа огт байхгүй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалт  нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тухайн зохицуулалтад хууль зүйн үйлчлэлгүй бөгөөд хамааралгүй.    

6. Мөн “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох”-ын утга агуулгыг шинжлэхэд утга агуулга нь хийсвэр бөгөөд утгагүй, гажуудсан үр дүн рүү чиглэсэн байна :                     

6.1. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь ямар ангиллынх, мөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш ямар хугацаа өнгөрсөн эсэх нь тус тус огт хамааралгүйгээр аливаа гэмт хэрэг үйлдэгдсэн бүх тохиолдолд заавал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял оногдуулна.           

Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш урт, богино хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран үйлдэгдсэн гэмт хэрэг бүрт заавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба тухайн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтууд огт үйлчлэхгүй, хамааралгүй буюу шууд үгүйсгэгдэнэ гэсэн үг.   

6.2. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш урт, богино хугацаа өнгөрсөн эсэхээс үл  хамааруулан тийнхүү ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцогдож холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох уу, ялаас чөлөөлөх үү, эсрэгээр ялыг нь эдлүүлэх үү, яах ёстой вэ гэдэг асуудлын шийдэл зөвхөн таамаглалд л хамаарна, харин хууль зүйн бодит үндэслэл, нотолгоо гаргах боломжгүй.      

Тодруулбал, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дууссанаар эсхүл давж заалдах гомдол,  эсэргүүцлийг хэлэлцсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал сонсгосноор тус тус хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан тухайн ялыг эдлүүлж дуусгах ёстой юу, ялаас чөлөөлөөд байх уу гэдгийг шийдвэрлэх  хууль зүйн зохицуулалт  байхгүй гэсэн үг. 

6.3. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “утга агуулга нь хийсвэр бөгөөд утгагүй, гажуудсан үр дүн рүү чиглэсэн” тухайн хэм хэмжээг санаан зоргоор хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, бодлого, зарчим, зохицуулалтыг бүхэлд нь үгүйсгэж, амьд үйлчлэлгүй болгох сөрөг үр дагавар дагуулахаар байна. Энэ бол Эрүүгийн хууль, эрх зүйн онолын үндэс,  түгээмэл зарчим, практикт огт хүлээн зөвшөөрөгдөхгүй, мэдээжийн буюу үл маргах асуудал болно.          

 

Шалгуур 3. Дээд хүчинтэй хууль нь дагалдан гарсан хэм хэмжээнээс давуу хүчинтэй.

Lex superior derogat legi inferiori. Эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөнийг даван туулахад эрх зүйн номлол болж хэвшсэн “зөрчилдөөний дүрэм” чухал ач холбогдолтой. Тэдгээр дүрэм нь бүр эртний Римийн үеэс мөрдөгдөж эхэлсэн байдаг.[31]

Олон Улсын шүүхийн дүрэм[32]-д : Шүүх нь эрх зүйн хэм хэмжээг тогтоох туслах чанарын арга хэрэгсэл болгон...олон улсын түгээмэл эрх зүйгээр мэргэшсэн янз бүрийн улс үндэстний мэргэжилтнүүдийн номлолыг үндэслэж болохыг зөвшөөрсөн.

Олон Улсын эрх зүйн эх сурвалжид “Дүрэм болон дэгийн болон нотолгооны журмын хооронд зөрчилдөөн гарвал дүрэм давуу хүчинтэй байна”[33] хэмээн материаллаг ба процессын шинжтэй хэм хэмжээний хооронд зөрчилдөөний шинж үүсвэл материаллаг хэм хэмжээ давуу хүчинтэй болохыг баталгаажуулсан.     

Хууль хэрэглэхэд зөрчилдөөн бүхий тохиолдол үүссэн бол материаллаг хуулийн тулгуур буюу нарийвчилсан зохицуулалт, зорилго, зарчим тэдгээрийн утга агуулга, мөн чанарт үндэслэх нь хууль хэрэглээний “алтан дүрэм” гэж үздэг.   

Эрүүгийн хуулийн тулгуур хэм хэмжээг ноцтой зөрчсөн утга агуулга бүхий  Эрүүгийн процессын хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд Эрүүгийн процессын хуулийг “дагалдах хууль”-ийн журмаар батлагдсан үндэслэл, утга  агуулгаараа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ нь батлагдсан цагаасаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний хүчин чадалд нөлөөлөх үндэслэлгүй, Эрүүгийн процессын хэм хэмжээний шинж, бүтцийн хүрээнд хамааралт шинжийг агуулсан болох нь тогтоогдсон.

Мөн 2017.05.18-ны өдөр нэгэн зэрэг батлагдсан Эрүүгийн процессын хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн хэм хэмжээ бүхэлдээ Эрүүгийн эрх зүйн онол, Эрүүгийн хуулийн зохицуулалт, нийтлэг жишиг, легитим шалгуурт нийцэхгүйг нотолсон хууль зүйн шалгуур, үндэслэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь зарчмын, фундаменталь зөрчилдөөний шинжтэй биш зөвхөн хэлбэрийн төдий бөгөөд хууль зүйн алдаатай байгааг анхаарах нь зүйтэй.   

Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ бол Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн утга агуулга бүхий Эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээ, түүний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хэм хэмжээг дагалдан гарсан хэм хэмжээ буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх тухайн өөрчлөлтөөс ямагт давуу хүчинтэй, дээд эрэмбийн хэм хэмжээ мөн.       

 

Шалгуур 4. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй

 

Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээ шууд үйлчлэх хатуу нөхцөл бүхий императив хэм хэмжээ байдаг учраас төсөөтэй хэрэглэхийг хориглодог.     

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэсэн хэм хэмжээ : 

- Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээтэй өөр хоорондоо эсрэг тэсрэг бөгөөд шууд уялдаа холбоогүй, 

- Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн утга агуулга бүхий Эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хэм хэмжээг дагалдаж гарсан буюу Эрүүгийн процессын хэм хэмжээний шинж, бүтцийн хүрээнд хамааралт шинжийг агуулсан,  

- Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хэм хэмжээний хүчин чадлыг үгүйсгэх үндэслэлгүй, мөн утга агуулга нь хийсвэр бөгөөд утгагүй, гажуудсан үр дүн рүү чиглэсэн болох нь хууль зүйн зохих шалгуур, үндэслэлээр тус тус тогтоогдсон байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тулгуур бөгөөд нарийвчилсан зохицуулалтыг үгүйсгэж эсхүл эсрэг тэсрэг хэм хэмжээг нэгэн зэрэг дараалуулах замаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол “угсруулан” үргэлжлүүлж тоолох байдлаар төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй.                    

Түүнчлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн шинэ ба хуучин зохицуулалт илтэд ялгаатай байсаар атал хүчингүй болсон өмнөх хуулийн  зохицуулалтын утга агуулгатай адилтган ойлгох, буруу тайлбарлах, төсөөтэй хэрэглэх бодит боломжгүй болно.            

 

Шалгуур 5. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын үйлчлэл, хүрээ хязгаар

 

Эрүүгийн хуулийн зохицуулалтын амин сүнс нь гэмт хэрэг ба ял шийтгэл байдаг учраас эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим хэлбэрэлтгүй, гуйвалтгүйгээр хатуу чанд мөрдөгдөх ёстой.

Гэмт хэрэг болон түүний төлөө ял шийтгэх асуудлыг зөвхөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар тодорхойлдог.

Гэмт үйлдлүүд нь үргэлжилсэн, удааширсан байдлаар эсхүл таслан зогсоогдсоноор төгссөн бол тухайн төгссөн үеэс хөөн хэлэлцэх хугацааг эхэлж тоолохоос гадна хэрэв тухайн төгсгөл нь шинэ хууль үйлчилж эхэлсэн үед дууссан бол шинэ хуулийг хэрэглэдэг. Энэ нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа асуудал биш.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх буюу буцаан хэрэглэхгүй зарчим Олон Улсын эрх зүйн эх сурвалж болон Эрүүгийн эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн боловч гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх үндсэн шалгуур, хүрээ хязгаар гэж бий.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр хүчин төгөлдөр болсон хэм хэмжээг түүнийг хүчин төгөлдөр үйлчилсэн үеэс өмнө үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэхийг хэлдэг.

Олон Улсын эрх зүйн эх сурвалжид : Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрүүгийн эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү ял шийтгэл оногдуулж болохгүй [34] гэж заасан нь гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх үндсэн шалгуур, хүрээ хязгаар нь гагцхүү гэмт хэргийн шинж, ял шийтгэл болох нь эргэлзээтэй асуудал биш байдаг.     

Тодруулбал, хуучин Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн “гэмт хэрэг”-ийн хувьд шинэ Эрүүгийн хуулиар гагцхүү оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн [35] эсхүл “гэмт хэрэгт тооцохгүй болсон” тохиолдолд тухайн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зайлшгүй, харин эсрэг тохиолдолд буцаан хэрэглэхгүй гэж ойлгоно.

Мөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэнэ гэдэг нь тухайн гэмт хэргийн хувьд Эрүүгийн шинэ ба хуучин хуулийг холимог байдлаар хэрэглэх үндэслэл, утга агуулгыг огт илэрхийлдэггүй тул хэрэв тухайн гэмт хэрэгт шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн л бол тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт хамаарах бүхий л асуудал гагцхүү шинэ Эрүүгийн хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх ёстой. 

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэгт ял шийтгэл хөнгөрсөн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа холимог байдлаар буюу 2002 оны Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүйгээс гадна Эрүүгийн шинэ ба хуучин хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл, журам илтэд ялгаатай тогтоогдсон учраас адилтган дүйцүүлэх, төсөөтэй болон буцаан хэрэглэх үндэслэлгүй. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн утга агуулга бүхий Эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хэм хэмжээг дагалдаж гарсан буюу Эрүүгийн процессын хэм хэмжээний шинж, бүтцийн хүрээнд хамааралт шинжийг агуулсан төдийгүй   Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлгүй, мөн утга агуулга нь хийсвэр бөгөөд утгагүй, гажуудсан үр дүн рүү чиглэсэн болох нь хууль зүйн зохих шалгуур, үндэслэлээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл, журамд хамааралгүй болно.     

 

Шалгуур 6. Эргэлзээтэй үед сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим -In dubio pro reo

 

Аливаа нэг гэмт үйлдэхүйг үйлдсэн гэж шүүхээс ял шийтгэл онооход тавигдах нэгэн чухал шаардлага бол уг хэргийг үйлдсэн нь үнэн гэсэн үнэмшил оршин байгаа зөвхөн тийм тохиолдолд л боломжтой болдог нөхцөл юм. [36]

Гэмт хэргийг яв цав нарийн тодорхойлох бөгөөд төсөөтэй байдлаар нь хэрэглэж болохгүй. Хоёрдмол агуулгатай тохиолдолд тодорхойлолтыг мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд байгаа буюу гэм буруутай гэж тооцогдсон хүнд ашигтай байдлаар тайлбарлана.[37]

Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээ гэдэг нь гэмт хэргийн шинж буюу гэм буруугийн хэлбэр, гэмт үйлдлийн шинжийн хүрээ хязгаарт үүсч болох нь нийтлэг боловч таамаглал, хуулийг төсөөтэй хэрэглэхээс ангид, гагцхүү Эрүүгийн хуулийн эх бичвэр, зарчим, гэмт хэрэг зүйлчлэлийн ба нотолгооны онолын үндэслэл, холбогдох нотлох баримтад бодитой үндэслэгдсэн байх ёстой.            

Нэгэнт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дэх “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”гэсэн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг илтэд зөрчсөн утга агуулга бүхий Эрүүгийн процессын хуулийн хэм хэмжээний хэрэгжилтийг хангах зорилго, үзэл санааны хүрээнд тус процессын хэм хэмжээг дагалдаж гарсан буюу Эрүүгийн процессын хэм хэмжээний шинж, бүтцийн хүрээнд хамааралт шинжийг агуулсан төдийгүй Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлгүй, мөн утга агуулга нь хийсвэр бөгөөд утгагүй, гажуудсан үр дүн рүү чиглэсэн болох нь хууль зүйн зохих шалгуур, үндэслэлээр тогтоогдсон тул эргэлзээтэй үед ашигтай шийдвэрлэх зарчимд огт хамааралгүй болно.     

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тулгуур бөгөөд нарийвчилсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэм хэмжээг зөв тайлбарлаж зөв хэрэглэх нь хуульд захирагдах зарчмын утга агуулга мөн.  

 

Товч дүгнэлт    

 

“Ардчилал гэдэг бол зөвхөн бодлого болж хувирсан хүсэл биш, энэ бол хүслийг ил болгох хэрэгсэл. Ардчиллын онолын цөм асуудал бол хүмүүс өөрсдийн захирагдах дүрэм, журмыг гаргахад оролцох явдал. Ардчилал бол нийтэд тулгарч байгаа асуудлыг хамтдаа эргэцүүлэх чуулган”.[38] 

Ардчилсан Үндсэн хуулийн сургаалд нийцсэн шийдвэр гаргах онолын максим, нийгмийн үнэт зүйлсийн тэнцвэрийн сүлжээг дээд зэргээр ихэсгэхэд зайлшгүй гэсэн утгаар  ард түмний төлөө тус тусын үүрэг, хариуцлага хүлээдэг суурь бүтэц буюу шударга ёсны тогтолцоог бий болгодог.[39]   

Ардчилсан нийгэмд олон ухаалаг ба ухаалаг бус үзэл байх нь гайхах зүйл биш.         

Цаг хугацааны урсгалаар хууль эрх зүй, хууль ёс, шударга ёсонд хандах үзэл, хандлага өөрчлөгдөн хөгжсөөр байна.     

Хуулиуд бол эрх мэдэлтэй хэсгийн ашиг сонирхолд үйлчлүүлэхээр хиймлээр бүтээсэн зүйл биш гэдэг нь эргэлзээгүй бөгөөд олон түмний олноо түгсэн ухаалаг оюуны хүч, хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч улс төрийн идеал болгох нь эдүгээ түгээмэл хандлага болов.     

Хуулиуд эрх зүйт, шударга, амьд үйлчлэлтэй байх нь чухал. Хууль нь Үндсэн хуульт ёс, эрх зүйт төр, зүй ёс, шударга ёсны онолын үзэл баримтлал, шалгуур шаардлага, олон түмний ба төрийн хүсэл зоригийн зохистой давхцалыг олсон нөхцөлд тухайн хуулийг эрх зүйт, шударга хууль гэж ойлгож болно.   

Хуулиуд, түүний хэм хэмжээний агуулга зарим талаар бүрхэг, хууль зүйн алдаа,  зөрчилдөөн бүхий нөхцөл байдал үүссэн байгаа нөхцөлд хуулийг хэрэглэхэд зөвхөн “Хууль бол хууль” гэсэн механик арга, хандлагын хүрээнд ойлгож хэрэглэх боломжгүй.

Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүхэд олгосон. Тийм учраас шүүхийн эрх хэмжээ, чиг үүрэг нь хуулийг зөв тайлбарлаж, зөв хэрэглэхэд оршдог.   

Шүүхийн шийдвэр нь материаллаг хуулийг хэрэглэх үндсэн дээр гардаг, тухайн харилцаанд оролцож буй субьектуудэд хэрэглэж буй хуулиа тайлбарлан өгч буй акт, өөрөөр хэлбэл казуаль (тухайн казус буюу маргаанд оролцогчдод өгч буй) тайлбар мөн.[40]  

Казуаль тайлбар гэж эрх зүйн хэм хэмжээг тухайн тохиолдолд буюу хэрэг, маргаанд хамааралтайгаар тайлбарлахыг хэлдэг ба хууль хэрэглэхийн тулд түүнийг ойлгох, ойлгохын тулд түүнийг тайлбарлах шаардлагатай болдог.[41]

Хуулийг тайлбарлаж хэрэглэнэ гэдэг нь “хуулийн хэл, хил хязгаарын хүрээнд хуулийн утга агуулгыг хянаж, задлан шинжилж тодорхойлно” гэсэн үг. Тус чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гагцхүү “хуулийн утга агуулга юу ярьж, юуг илэрхийлж, юуг шаардаж байна вэ, хууль тогтоогч ямар зорилготой байсан бэ, хууль ямар зорилготой байсан бэ” гэдгийг хууль эрх зүйн онол, практик, хууль тайлбарлах нийтлэг дүрэм, арга зүйн хүрээнд бодитой  нээн илрүүлж, хамаарах олон талт үнэлэмж, үндэслэл, нотолгооны огтлолцол, тэнцвэрийг зөв танин мэдэж, хуулийн утга агуулгыг гуйвууулахгүйгээр чанд сахиж, зөв хэрэглэнэ гэсэн үг.                 

Энэ бол хуулийг шинээр зохиож, бүтээж байгаа хэрэг биш харин “хуулийн цаадах бодит хууль”-ийн үндэс, үзэл санаа, мөн чанар, зарчим тэдгээрийн утга агуулга, шууд  үйлчлэлийг хуулийн хүлээн зөвшөөрөгдөхүйц аргумент, мэдлэг, үндэслэл, нотолгоогоор танин мэдсэн буюу хуулийн хамгийн сайн тайлбараар нээж, тодотгосон гэж зохистойгоор ойлгох нь зөв болно.                     

 

Хуульч Г.ГАНБААТАР

2022.04.25     Улаанбаатар хот 

 

 

[1] Эрүүгийн хууль (2015), 1.10 дугаар зүйл, “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2016 он №07/916  

[2] Б.Баярсайхан нар (2011), Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009), Хууль зүйн үндэсний хүрээлэн.  

[3] Т.Дэндэв, БНМАУ-ын эрүүгийн эрх зүй дэх ял шийтгэлийн тухай асуудал, УБ., 1975, 151-155-р тал

[4] Монгол Улсын Дээд шүүхийн 2010.07.02-ны өдрийн “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” тогтоол. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл (1959-2010), 2015, УБ.,  1074-р тал  

[5] Д.Баярсайхан. Харьцуулсан Эрүүгийн эрх зүй. УБ., 2012. 181-р тал  

[6] Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 29 дүгээр зүйл. https://legalinfo.mn/mn/detail?lawId=206492&showType=1

[7] Эрүүгийн хууль (2015), 1.10 дугаар зүйл. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2016 он №07/916

[8] 2017.06.20 "Төрийн мэдээлэл" эмхэтгэл №23 /980/

[9] Due process

[10] Эрүүгийн хууль (2002)-ийн 72 дугаар зүйл. Төрийн мэдээлэл, 2002 он, №5

[11] О.Мөнхсайхан. Эрх зүйн философи, УБ., 2022. 140-142-р тал   

[12] О.Мөнхсайхан. Эрх зүйн философи, УБ., 2022. 34-35-р тал   

[13] Т.В.Кашанина. Хууль зүйн техник (монгол орчуулга), УБ., 2016, 137-р тал.

[14]  Хууль тогтоомжийн тухай хууль. Төрийн мэдээлэл, 2015, № 25

[15] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хууль зүйн байнгын хорооны 04 дүгээр сарын 25-ны болон 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд. http://parliament.mn/n/qeoy 200-р тал, http://parliament.mn/n/byoo 3тал, Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл. http://parliament.mn/n/ycoo 145тал

[16] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл. http://parliament.mn/n/ycoo 145тал

[17] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс http://parliament.mn/n/jooo 46, 49, 51, 85-86-р тал /

[18] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс http://parliament.mn/n/jooo 50-51, 86-88-р тал

[19] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс http://parliament.mn/n/jooo 90тал

[20] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс http://parliament.mn/n/jooo 47, 83тал     

[21] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017), "Төрийн мэдээлэл" эмхэтгэл, 2017, №23 /980/   

[22] Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан, Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал, УБ., 2018, Д.Баярсайхан, Эрүүгийн процессын эрх зүй, УБ., 2014 номоос дэлгэрүүлж үзнэ үү. 

[23] Б.Баярсайхан нар, Монгол Улсын байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009) УБ., 2012 номоос дэлгэрүүлж үзнэ үү.   

[24] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017), "Төрийн мэдээлэл" эмхэтгэл, 2017, №23 /980/

[25] Улсын Их хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс http://parliament.mn/n/jooo 47, 83-р тал 

[26] Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг. Төрийн мэдээлэл, тусгай дугаар, II боть. 2005, 353 дахь тал  

[27] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах туай хууль (2020), Төрийн мэдээлэл, 2020, № 7, 1109  

[28] Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль (2020), Төрийн мэдээлэл, 2020, № 7, 1109 

[29] Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 32 дугаар зүйл, Төрийн мэдээлэл, тусгай дугаар, II боть. 2005, 341 дэх тал     

[30] Б.Баярсайхан нар (2011), Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009), Хууль зүйн үндэсний хүрээлэн.

[31] Г.Эрдэнэбат, Эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөн, эрүүгийн эрх зүйн жишээн дээр. Эрх зүй сэтгүүл. УБ., 2-3/2007, 110-116-р тал  

[32]  Олон Улсын шүүхийн дүрмийн 38 дугаар зүйлийн 1. (d), Төрийн мэдээлэл, тусгай дугаар, II боть. 2005, 312 дахь тал   

[33] Ромын дүрмийн 51 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг. Төрийн мэдээлэл, тусгай дугаар, II боть. 2005, 354 дахь тал    

 

[34] Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , Төрийн мэдээлэл, тусгай дугаар, II боть. 2005, 17-р тал   

[35] Ял шийтгэл хөнгөрсөн гэдэг нь хуучин Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж нь шинэ Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөнөөс оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн, эсхүл гэмт хэргийн шинж нь өөрчлөгдөөгүй ч оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн аль ч тохиолдлыг хамааруулан ойлгоно.  

[36] Э.Хильгендорф, Д.Чанцалдулам. Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги. УБ., 2015. 25-р тал                                   

[37] Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 

[38] Адам Свифт, Улс төрийн философи, УБ., 2016 номоос дэлгэрүүлж үзнэ үү.

[39] Улс төрийн либериализм, УБ., 2016 номоос дэлгэрүүлж үзнэ үү.

[40] Ц.Сарантуяа. Үндсэн хуулийн процессын эрх зүй : суурь ойлголт, тулгамдсан асуудал. УБ., 2005. 31, 55-56-р тал.  

[41] Ц.Амарсайхан. Шүүхийн жишиг ба Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар. Шүүхээс хууль хэрэглэх онол практикийн тулгамдсан асуудал. УБ., 2008. 24, 26-р тал.