Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах)

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот

 

 
Дугаар 217

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

 

Төрийн албаны тухай хуулийн 54.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

 

1. “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

 

2. Энэ журмыг хэрэгжүүлэхэд баримтлах аргачлал, загварыг шинэчлэн батaлж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

 

 

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

4. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                             Л.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

 

Засгийн газрын 2020 оны 217 дугаар

  тогтоолын хавсралт

 

БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ,
ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗОРИЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ,

ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Төрийн захиргааны төв, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 54.1-д заасан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргахад энэ журмыг баримтална.


1.2. Энэ журмын зорилго нь Засгийн газрын бодлого төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд оршино.


Хоёр. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө
     боловсруулах, батлуулах


2.1. Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.


2.2. Төлөвлөгөөг боловсруулахдаа стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан, зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон байна.


2.3. Төлөвлөгөө нь стратеги төлөвлөгөө болон дараахь бодлогын баримт бичиг, төлөвлөгөөнд үндэслэнэ:

 

       2.3.1. хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ;


       2.3.2. төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр;


       2.3.3. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр;


       2.3.4. өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ.


2.4. Төлөвлөгөөг боловсруулахдаа дараахь зарчмыг баримтална:


       2.4.1. стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлсэн тодорхой зорилт, арга хэмжээг агуулсан байх бөгөөд зорилт, арга хэмжээ нь хоорондоо уялдсан байх;

       2.4.2. төлөвлөгөөнд зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр бий болох үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байх;


       2.4.3. шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин нь тухайн жилдээ хэрэгжих боломжтой, тоон ба чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц, үр дүнг харуулсан байх бөгөөд бодлогын баримт бичиг, статистик тоон мэдээлэл, салбарын мэдээлэлд үндэслэх, арга хэмжээний хүрэх түвшин нь зорилтын үр дүнг илэрхийлсэн байх;


       2.4.4. төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр тусгасан байх.


2.5. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад бодлогын баримт бичигт үндэслэн тусгайлсан арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахгүй бөгөөд төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж болно.


2.6. Төлөвлөгөөг тухайн байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол ажлын хэсэг байгуулж болно) бусад


нэгжүүдийн саналыг авч нэгтгэн боловсруулж, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төсвийн шууд захирагч батална.


2.7. Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчтай зөвшилцөж тухайн шатны Засаг дарга болон өөрийн харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн захирагчаар хянуулан энэ журмын 2.6-д заасан хугацаанд батална.


Гурав. Байгууллагын нэгж төлөвлөгөө

          боловсруулах, тайлагнах


3.1. Зохион байгуулалтын нэгж байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж чиг үүргийн дагуу жилээр төлөвлөгөө боловсруулж тухайн оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дотор төсвийн шууд захирагчаар батлуулан хэрэгжүүлнэ.


3.2. Төлөвлөгөөнд байгууллагын стратеги зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ, тухайн жилийн хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт, хариуцан ажиллах албан хаагч, хэрэгжүүлэх хугацааг тодорхой тусган боловсруулна.


3.3. Зохион байгуулалтын нэгж 6, 12 дугаар сард төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шууд захирагчид тайлагнана. 


Дөрөв. Төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ,
     үнэлгээ хийх, тайлагнах


4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, биелэлтэд үнэлгээ өгөх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэх, гарсан алдаа, дутагдлыг арилгах, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

4.2. Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж эхний хагас жилд явцын хяналт-шинжилгээ, жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

4.3. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газар, хэлтэс, албан хаагчид хүргүүлж биелэлтийг хангуулна.


4.4. Төсвийн шууд захирагч тухайн жилийн зорилтот түвшинд хүрч чадаагүй зорилт, арга хэмжээний шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, эрх бүхий байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн цаашид үргэлжлүүлэх шаардлагатай арга хэмжээг дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.


4.5. Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараахь хугацаанд харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ:


       4.5.1. сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч     12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид;


       4.5.2. төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах төрийн захиргааны төв байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон Засгийн газрын агентлагийн төсвийн захирагчид;


       4.5.3. Засгийн газрын агентлагийн төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид.


4.6. Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын жилийн эцсийн тайлангийн гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагч үнэлгээний саналаа 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагчид хүргүүлнэ. Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь орон нутгаас ирсэн үнэлгээний саналыг харгалзан үнэлж, жилийн эцсийн тайлангийн үнэлгээг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчид 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

4.7. Байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж байгууллагын гүйцэтгэлийн тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төлөвлөгөөний биелэлтийн хагас жилийн явцын тайланг 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор, жилийн эцсийн тайланг төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнэлэх бөгөөд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган ажиллана.


4.8. Төлөвлөгөөний биелэлтийн тайланд тухайн зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан, нөхцөлийг тодорхой тусгах бөгөөд мэдээллийн үнэн, зөв байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцна.

4.9. Төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлнэ.


4.10. Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.


4.11. Төлөвлөгөөний биелэлтийн дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нэгж болон байгууллагын удирдлагад “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


---о0о---

no
 
 
Судалгааны сан