МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТУШААЛ
2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 11 Улаанбаатар хот
Заавар батлах тухай
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.”Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар”-ыг хавсралтаар баталсугай.
2.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийн шүршүүрийг бүх шатны шүүхийн шүүгч нарт олгож, энэ зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/-д, шүүгч нарт бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах сургалтыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг шүүхийн тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын
2014 оны 1 сарын 29-ний өдрийн
11-р тушаалын хавсралт
ШҮҮГЧИЙН БИЕ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ ЗААВАР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шүүгч болон түүнд хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн үед шүүгч нь бие хамгаалах зорилгоор тусгай хэрэгслийг хэрэглэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2003 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Шүүгч бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журам" болон энэхүү зааврыг мөрдлөг болгон ажиллана.
1.2.Шүүгчийн хамаарал бүхий этгээдэд Тахарын албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасныг ойлгоно.
1.3.Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл гэдэгт "Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийн шүршүүр", "Цахилгаан бороохой"-г /цаашид "Тусгай хэрэгсэл" гэх/ ойлгоно.
Хоёр.Тусгай хэрэгсэл хэрэглэх
2.1.Тусгай хэрэгслийг шүүгч бие хамгаалах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга биедээ авч явж болно.
2.2.Шүүгч амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хийн шүршүүрийг /цаашид "Шүршүүр" гэх/ хэрэглэхдээ дараах зүйлийг мөрдлөг болгоно:
2.2.1.гэнэтийн аюул, занал учирсан үед шуурхай байдлыг хангах зорилгоор болон агаарын хэм хасах 10-аас дээш зааж буй тохиолдолд бортого доторх шингэн царцаж, үйлчилгээ үзүүлэх нөлөө багасаж болзошгүй тул гар цүнхэнд бус аль болох биедээ авч явах;
2.2.2.шүршүүрийн толгой дарагдахаас сэргийлэх зорилгоор хэвтээ байдлаар хувцасны халаасанд хийж, аливаа эд зүйлээс тусд нь авч явах;
2.2.3.шүршүүрийг довтлогч этгээдийн нүүр, нүдний хэсэг рүү чиглүүлж 1 метрээс багагүй, 2 метрээс ихгүй зайд шүрших;
2.2.4.шүршсэн тохиолдолд өөрт нөлөөлөх эрсдэлтэй тул нэн даруй холдох;
2.2.5.шүршүүрийг 3 секундээс илүү хугацаагаар шүршихгүй байх;
2.2.6.шүршүүрийг битүү өрөө, тасалгаа болон гадна орчинд салхины эсрэг тал руу шүршихгүй байх;
2.3.Шүүгч цахилгаан бороохойг хэрэглэхдээ дараах зүйлийг мөрдлөг болгоно:
2.3.1.цахилгаан бороохойг довтлогч этгээдийн биед хувцасны гадна талаас хүргэн нэг байрлалд таван секундээс илүүгүй хугацаагаар гүйдлээр цохиулж ажиллуулах бөгөөд түүгээр гуядаж, ороолгохгүй байх;
2.3.2.довтлогч этгээдийн нүүр, биеийн ил хэсэгт цахилгаан бороохойг хүргэж, гүйдлээр цохиулахгүй байх.
Гурав. Тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх тохиолдол
3.1.Шүүгч дараах тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх үүрэгтэй:
3.1.1.хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд;
3.1.2.хөгжлийн бэрхшээлтэй болон гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд;
3.1.3.довтлогч этгээдийн үйлдэл түүний санаачилгаар зогссон үед болон тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа довтолгоон таслан зогсоогдсон тохиолдолд;
Дөрөв. Тусгай хэрэгсэл хадгалах
4.1.Тусгай хэрэгслийг дараах нөхцөлд хадгална:
4.1.1.биедээ авч яваагүй үед нарны гэрлээс хол, цоожтой шүүгээнд байлгах;
4.1.2.хоол хүнс болон галд амархан авалцах, шатаж, тэсрэх эд зүйлээс тусд нь байлгах;
4.1.3.хүүхдээс хол байлгах.
Тав. Бусад
4.1.Шүүгч тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад дамжуулах, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй.
4.2.Шүүгч тусгай хэрэгсэл хэрэглэснээс довтлогч этгээдийн биө болон эрүүл мэндэд хохирол учруулсан бол харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж болно.
no